Эрүүгийн ноцтой хэргүүдийг дахин хянана
2019/04/11

Ноцтой эрүүгийн хэргүүдийг дахин хянахаар болжээ. Энэ асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн тушаал гарч ажлын хэсэг байгуулагджээ.

Олны анхааралд өртсөн, эрүүгийн хэрэг үүсгэсэн дуулиант хэргүүдийн зарим нь замхарч мартагддаг.  Тэгвэл ийм төрлийн ноцтой хэргүүдийг  эгүүлэн татаж дахин хянахаар болж байна.

Шинээр байгуулагдсан ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж,  олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах юм байна.

Тиймээс эдгээр  хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа юм байна. 

Ингэхдээ хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг даалгажээ. Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404