ШШГЕГ-ын хуучин удирдлагууд мөнгө хүүлсэн үү
2019/04/08

Цэрэг, цагдаа, тагнуул,шүүх прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, онцгой алба, төрийн тусгай хамгаалалт, хил, гааль, мэргэжлийн хяналт гээд цэрэгжсэн болон хагас цэрэгжсэн  бүхий л байгууллагуудын албан хаагчдыг  техник тоног төхөөрөмж, албаны хувцас хэрэгслээр улсаас бүрэн хангах журам бий.  Эдгээр байгууллагуудын албан хаагчид тогтоосон хэм хэмжээ, хугацааны  дагуу бүх төрлийн дүрэмт хувцас, тэр бүү хэл малгай ороолт, зангиа, хавчаар бүс, сагалдарга, цолны болон нэрийн тэмдэг гээд бусад чимэглэл хэрэгслээр ч хангагдах эрхтэй.  

Гэтэл ШШГЕГ-ын ажилтнуудаас хувцасны мөнгө гэж хуримтлалд мөнгө татдаг болсон тухай яригдах болов. Тодруулбал, ШШГЕГ-ын экс дарга Ц.Амгаланбаяр ажлаа дөнгөж авсныхаа дараахан тушаал гаргаж,  нийт албан хаагчдаас хувцасны мөнгө татах болсон гэнэ. Тэрээр хувцасны мөнгө гэж сар бүр цалингаас нь суутгаж авдаг болсон бөгөөд  офицерүүдээс 50 мянган төгрөг, ахлагч нараас 30 мянган төгрөг хураадаг аж.  Алба гүйцэтгэгчид ийнхүү гутал хувцасны мөнгө суутгуулдаг болсоор 2 жил гаруй хугацаа болжээ. Хувцасны хуримтлал гэх мөнгийг Төрийн банкинд төвлөрүүлдэг бөгөөд “хүн тус бүрт данс нээсэн гэсэн, цалингаас  хүчээр суутгаад авчихдаг” гэж албан  хаагчид өгүүлж байна.   Хуримтлалын данс болон хуримтлалын мөнгөн үлдэгдлээ  харсан шалгасан хүн нэг ч байдаггүй бөгөөд хачирхалтай нь удирдлагууд нь “хуримтлуулсан мөнгөний дүн 1,5 сая төгрөгт хүрэхээр хүүгийн хамт буцааж өгнө” гэж хэлдэг гэнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шийдвэр гүйцэтгэх алба, хорих ял эдлүүлэх алба, хорихоос өөр ял эдлүүлэх алба, хорих анги гээд  нийт харьяа байгууллагуудын 2800 албан хаагчтай.  Дарга нар нь хуримтлалд мөнгө өгдөггүй  гэж  багцаагаар 300-г хасч тооцвол   2500-г  хуримтлалд өгч буй дундаж мөнгөний хэмжээ 40 мянгаар үржүүлбэл сардаа 100 сая төгрөг болж байна. Дээрх мөнгийг 2 жилийн хугацаанд төлж байгааг бодож үзвэл 2 тэрбум 400 сая төгрөг болох нь.  Энэ бол бага тоо биш. Бас том зөрчил. 

Зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг  “Ёс зүйн хороо”-ноос томилогдсон албан тушаалтан шалгах тухай заалт тус газрын журамд бий.  Тэгвэл удирдлагын дээрх ноцтой зөрчлийг  хаа хаанаа хав дарж байсан шалтгаан юу вэ? Энэ тухай яагаад хэн ч ам нээсэнгүй вэ? 

Албан хаагчдадаа тайлбар өгөлгүй бүтэн 2 жил гаруйн хугацаанд хууль бусаар хувцасны мөнгө хурааж байсан хэргийг  Хуульзүйн сайд мэдэж байсан уу? гээд олон асуулт ургаж байна.

Үүний цаана яах аргагүй мөнгө хүүлэлт явагдаж байна гэсэн хардлага төрж байгаа юм.  Бидэнд хардах эрх бий. Тиймээс Ц.Амгаланбаяр даргын хамааралтай хэн нэгэн ББСБ-тай эсэхийг нягтлахад буруудахгүй. ШШГЕГ-ын даргаар томилогдсон Д.Дамдинцэрэн ч энэ асуудлыг анхааралдаа авч нягтлах хэрэгтэй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404