Зөвшөөрлийн тоо 2 дахин багасна
2019/04/08

Монгол Улсын Засгийн газар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд яамд 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга долоон төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгохоор заасан. Гэвч одоогийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. Дээр нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гарган зөвшөөрөл бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах нь түгээмэл болжээ.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог зэргийг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахаас сэргийлж, тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, төрийн нийтийн зориулалттай өмч, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм.

Хуулиас гадуур тусгай зөвшөөрөл бий болгож иргэдийг чирэгдүүлдэгийг хориглох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, цуцлах, сэргээх зэрэгтэй холбоотой журмыг нарийвчлан тогтооно. Ингэснээр олон шат дамжлага үгүй болох юм байна.

Иргэн хүн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг нь баталгаажуулах нөхцлийг хангана.  Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглохоор тусгажээ. 

Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн тоо хоёр дахин багасна гэж 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404