49%-ийнхан 2 өрөгтэй тоглоом тоглочихсон юм биш биз
2019/04/06

Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилнэ гэх мэдээ сошиал орчинд тарсан. Ганц саалийн үнээгээ алдчих вий гэсэн айдас болгоомжлол олон нийтийн дунд идэвхжив. Мэдээллийн хүчээр Засгийг шахаанд хийв үү эсвэл засаг шийдвэрээ гаргахаас өмнө мэдээллээр суурилж хүч нэмэв үү... Засгийн газар луйварчдын өмнөөс төлбөр барагдуулсанд олон нийтийн эсэргүүцэл бухимдлыг тооцож, наана нь мэдээллээр хүч хийсэн байж болох ч Засгийн газрыг шахаанд хийж, хэвлэлийнхнээр хүч түрсэн бүлэглэлийнхний тоглолт гэж хардах нь илүү бодитой мэт.  Ердөө 3 хан хоногийн дараа "Стандарт банк"-ны өрийг төлж барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв. "Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас "Стандарт банк" 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаад Арбитрын шүүхээс батлан даалтаар оролцсон Эрдэнэт үйлдвэрийг төлж барагдуул гэсэн шийдвэрийг гаргажээ. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг шилжүүлж, өрийг нь барагдууллаа" гэв.

Юутай ч Эрдэнэт үйлдвэрээ монголчууд авч үлдэж чадлаа. Харин одоо дотооддоо учраа олох, буруутай нөхдөд хариуцлага тооцох, тодорхой ярьвал төрийн өмч барьцаалаад түрийвчээ түнтийлгэчихсэн С.Баяр, Ганзориг Батхүү нарын хэрэгтнүүдээр дээрх 40 сая долларыг төлүүлж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. 

Саалийн үнээгээ авч үлдэж чадсан, 100 гаруй сая долларын өрийг 40 сая доллар болгон бууруулж хэлэлцээ хийж чадсан У.Хүрэлсүх болон түүний багийнхны гавьяаг  нийгэм, олон нийт төдийлөн шагшихгүй талархахгүй байгаагийн учир ердөө энэ. Буруутай этгээдүүдийн хийсэн хэрэг тодорхой байтал тэдний тавьсан өрийг ард түмний нуруун дээр үүрүүлж, төсвийн халааснаас төлж барагдуулсанд олон нийт дургүйцэж байгаа юм. 

Нөгөө талаар Стандарт банкны хэрэг болон  энэ  хэргийн талаар Арбитраас гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд сайтар танилцуулалгүй чимээгүйхэн байснаа "өр төлбөрийг хүүгийн хамт одоо төлж барагдуулах ёстой, хурдан тохиролцох шаардлагатай" хэмээн сурталдаж ярих болсон бүлэглэлийн нөхдийн яаруу мэдэгдлүүд нэг л битүүлэг. Яг л "хохь нь шүү, өр төлбөр чинь 100 гаруй сая доллар болчихсон шүү, хурдан өг" гэж айлган сүрдүүлж байгаа мэт. Тэдгээрийн араас  Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга  болон Ерөнхий захирлын мэдэгдлүүд.  Эцэстээ  тэдний "Тэр их мөнгийг Эрдэнэт үйлдвэр өөрийн эх үүсвэрээр барагдуулчих боломжтой"  хэмээн дахин дахин мэдэгдэж байснаар нь асуудал шийдэгдлээ. Яг л бэлтгэгдсэн зохиол шиг. 

Аль ч намын үед албан тушаалтайгаа үлдэж чаддаг  Х.Бадамсүрэнгийн хувьд  “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх ноёдуудтай тун чиг дотно харьцаатай байдгийг улс төрийн хүрээнийхэн нотолдог. эх сурвалжийн мэдээлснээр  49 хувийн эзэмшилтэй холбоотой маргааныг энэхүү өр төлбөрөөр бүрхэгдүүлэх сонирхол 49 хувийн талынханд байсан гэдэг.  Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал гэх нэгэн залуу Стандарт банкинд Монголын Засгийн газар төлбөр төлөх шаардлагагүй гэж байсан мэдэгдэл тухайн үед олон нийтийн анхаарлыг татсан ч яагаад ч юм нам дарагдчихсан.

Энэ мэтээс анализ хийгээд үзэхэд  Монголын тал өр төлбөрийг хууль ёсоор барагдуулах эрх зүйн нөхцөл шаардлага  бүрдээгүй байхад Стандарт банкинд сайн дураараа төлбөр төлөх гээд, Засгийн газрыг шахаанд оруулах гээд, олон нийтэд айдас зовнил төрүүлэх гээд адгаад хичээгээд байсан нь тун хачирхалтай. Шуудхан хэлэхэд Стандарт банкинд төлөх төлбөр 49 хувийнханд очих байсан гэх улстөрийнхний хардлага ортой мэт. 

Уг нь олон сая ам.долларын төлбөрийг Стандарт банкинд төлөхөөс өөр гарц байгаа юм. Нэгдүгээрт, Лондоны арбитрын шүүхийн шийдвэр болон үндэслэсэн гэрээ нь одоог хүртэл Монголын холбогдох байгууллагуудад, ялангуяа Арбитрын тухай хуулийн дагуу Монгол Улсын шүүхэд ирээгүй байна. Нэгэнт шүүхэд ирээгүй байхад гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх дотоодын процедур эхлэх бололцоогүй. Хоёрдугаарт, 2016 оны Лондоны Арбитрын шийдвэрт тусгагдсан 51 сая ам.долларын төлбөр ямар аргачлалаар 109 сая ам.доллар хүрчихсэн бэ гэдгийг тооцсонгүй. Дээрх дүгнэлтүүдийг мөн л хэргийн нарийн ширийнийг гадарлах улстөрчид өгүүлдэг. 

Тэгвэл дээрх 40 сая доллар 49 хувийнхны гарт очсон уу гэх нэг л асуулт үлдэж байна.  Өөрөөр хэлбэл, 49 хувийнхан Монголыг төр засагтай нь ард түмэнтэй нь молиго үмхүүлж, 2 хувилбартай тоглоом тоглосон юм биш биз.  "Нэг дэх арга бүтэлгүйтвэл 2 дугаар аргад шилжинэ. Аль нэг хувилбарт нь Монголын төр унах ёстой. Аль ч хувилбар дээр тоглосон 49 хувийнханд ашигтай үлдэнэ". Ийм л тоглоом болчих шиг боллоо. Бид хожигдчихлоо. Одоо харин талцаж хэрэлдээд байлгүй 49% ийг төлөөлдөг Ц.Элбэгдорж, 51% ийг төлөөлдөг С.Баяр нар НЭГ гэдгийг  мартаж болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404