Замын ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс болдог
2019/03/22

2019.03.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

- СХД-ийн нутаг “Монгол наадам” цогцолбор орох замд амины T.Mark2 автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон.

- СХД-ийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна. 

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын үйлдэгдсэн хэлбэрийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн 1, автомашинтай мөргөлдсөн 1 осол бол дийлэнх хувийг буюу 4 осол нь онхолдох хэлбэрээр бүртгэгдсэн байна. Энэ хэлбэрийн осол гарах гол шалтгаанууд нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна.

Эх сурвалж: ТЦГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404