Хөдөлмөрийн дээд сургуулийг хаах биш харин ч өргөтгөх шаардлагатай
2019/03/13

"БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг 39 их, дээд сургуулийг хаахаа мэдэгдлээ. Хамгийн түрүүнд МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн Дээд сургуулийг нэрлэсэн байна. Үнэндээ бол Хөдөлмөрийн дээд сургуулийн нэг анги гэхэд 3-5 оюутантай, хоёр магистртай сөнөж байгаа сургууль гэдэгтэй санал нийлнэ. Хоёр магистр нь нэрээ бичүүлсэн авч нэг ч удаа хичээлд суугаагүй. МҮЭХ-ны дэргэдэх энэхүү сургууль цагтаа 5000 оюутантай, Г.Адъяа, С.Ганбаатар даргын үед 50-60 багш сурган хүмүүжүүлэгчтэй хүүхэд шуугисан өргөө байв. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын өнгөн дээр эргэн тойрондох газрыг нь зараад дууссан, багш, эрдэмтэнгүй, мөнгө төгрөггүй, анги танхимаа түрээслээн хоосон шахуу байшин болжээ. Зориуд ингэж дампууруулж хотын төвийн "А" зэрэглэлийн байшин, газрыг авах, зарах хорт бодлого явж байгаа юм. МҮЭХ-ны дэргэдэх барилга байгууламж, амралт, зуслан зочид буудлыг ийм аргаар зараад дууссан билээ. 

Ийм учраас БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг та битгий дампууруулж хаагаач ээ. Цөөхөн ч гэсэн дипломтой болчих санаатай яваа оюутнуудын ирээдүйг харж үзнэ үү. Бид хаачих вэ. Энд гурван жил шахуу ирж очин ажил амьдралаа алдсан 10 гаруй оюутан байна. Хамгийн гол нь биднийг аль нэг дээд сургууль руу шилжүүлэхгүйгээр зөнд нь хаяж болохгүй шүү" хэмээн 
Хөдөлмөрийн Дээд сургуулийн магистрант Б.ХОСБАЯР өөрийн сошиал хуудсанд бичжээ.

Хэрэгцээ хэрэглээ болж чадахгүй хоосон мэдлэгийг дэлхий нийтээр халж байна. Манай улсад болоьсролын салбарт шинэчлэлт хийх нэрээр сургалтын программд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан ч хөрсөн дээр буухгүйгээс гадна амьдралын суурь хэрэгцээ шаардлагад нийцэхгүй л байгаа. 

Иргэдэд боловсролыг зөвхөн сургуулиар олгож ирсэн дэлхий нийтийн чиг хандлага сүүлийн 20 гаруй жилд өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засаг бүхий орнуудад хүн амынхаа боловсролын түвшинг тэдний хэрэгцээ бололцоонд нь тулгуурлан дээшлүүлэх, иргэдээ хөгжүүлэх чиглэлээр боловсролынхоо тогтолцоог өөрчилж, сургуулиас гадуур боловсрол олгох арга, хэлбэр бий болжээ. Манай улсад энэхүү тогтолцоо нь албан сургалтаар явагдаж байгаа хэдий ч энэ нь зөвхөн хоцрогдол арилгах төдийд явагдаж байгаа нь харамсалтай. 

ЕБС-д үзэж байсан олон химийн томъёо, толгой эргүүлсэн алгоритм тоо бодлогууд тэр чиглэлээр дагнаж судлахгүй л бол  амьдралд хэрэгцээ хэрэглээ болдоггүй. Тиймээс ЕБС-иудад хөдөлмөрийн хичээлийг түлхүү оруулж, амьдралын наад захын хэрэгцээний мэдлэг мэдэгдэхүүн олгоод төгсгөж байх шаардлагатай байна. Тухайлбал, урагдсан хувцсаа нөхөөд оёод өмсөх, хугарсан эвдэрсэн сандлаа хадаад бүтэн болгочих, боов талхаа бариад хийчихдэг хэмжээний наад захын чадвар дадал, мэдлэг суулгах зайлшгүй шаардлагатай. Иймийн тулд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олноор бий болгох, Хөдөлмөрийн Дээд сургуулийн татан буулгах бус харин ч өргөтгөж, менежментийг нь сайжруулж, ач холбогдлыг нь ойлгуулах нь зүйтэй юм. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404