Nas Daily-гийн хийсэн Монголын тухай контентууд 63 сая үзэлттэй байна
8 сарын өмнө
  • Nas Daily Монголын талаар зургаан цуврал контент бэлтгэв
  • Цахим хуудаснууд дахь нийт үзэлтийн тоо 63 сая байна
  • Бичлэг тус бүрийн доор ойролцоогоор 1000-2000 хүн сэтгэгдэл бичжээ

“Монголд зочлох жил”-ийг зарласантай холбоотойгоор Соёлын яам цахим хуудаснууддаа 65 сая дагагчтай видео контент бүтээгч Nas Daily буюу Нусейр Яссиныг урьж авчирсан.

Түүний баг хамт олон Монголыг олон улсад сурталчлах зорилгын хүрээнд манай улсын талаар зургаан цуврал контент гаргасан юм. Монголын талаар богино хугацаанд олон улсад мэдээлэл хүргэх контентуудын Фэйсбүүк, Инстаграм, Ютүб, Тикток зэрэг платформ дээрх нийт үзэлт 63 сая байна.

Ютүб дэх хамгийн их үзэлттэй бичлэг нь “They have the strongest memory” буюу ой тогтоолтын олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын тухай бичлэг бөгөөд одоогоор 7.6 сая үзэлттэй байна.

Тэдний ой тогтоолтын чадварын талаар хүмүүс “Би өөрийнхөө утасны дугаарыг ч санадаггүй. Энэ охид гайхалтай юм аа”, “Тэдний ой тогтоолтын чадвар үнэхээр мундаг юм. Дэлхийн найм дахь гайхамшиг гэсэн ч болохоор байна” гэх мэт эерэг сэтгэгдэл үлдээжээ.

Харин Фэйсбүүк дээр 6.6 сая үзэлттэйгээр The Emptiest Country in the World бичлэг тэргүүлж байна. Уг бичлэгт Монголын өргөн уудам газар нутаг, монгол гэр, нүүдэлчин ахуйг танилцуулсан аж.

Инстаграм дээр “The Country of Woman” буюу түүний Монголд ирээд хамгийн түрүүнд хийсэн бичлэг хоёр сая үзэлт авчээ. Нийт зургаан бичлэгийн гурав нь Тикток дээр таваас дээш сая үзэлттэй байна.

Мөн тэрбээр Монголд байх хугацаандаа олон улсын контент бүтээгчдийг урьж, туршлагаасаа хуваалцах "Nas Summit" арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд оролцохоор 10 мянга гаруй хүн бүртгүүлсэнээс 1200 хүнийг сонгон оролцуулсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404