"Монгол Улсыг тусгаар тогтнолтой болгохын төлөө ажиллаж байсан Польшийн монголч судлаачийн 1912 оны материал Краковын архивт бий"
8 сарын өмнө

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн монголч эрдэмтдийн их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа юм. 

Тус их хурлын үеэр Польшийн монголч эрдэмтэн Барея Стажиньска "Би анх 1982 онд Монгол Улсад ирж байсан. Тухайн үед аав маань Монголд геологичоор ажиллаж байлаа.

Монгол орны түүх надад маш их таалагдсан учраас илүү ихийг мэдэхийг хүссэн. Улмаар Польшид буцаж ирээд Варшавын их сургуулийн Монгол судлалын тэнхимд элсэн орсон. Одоо Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Манай Варшавын их сургуульд Монгол, Төвөд судлалын тэнхим бий. Тус тэнхимд надаас залуу гурван эрдэмтэн ажиллаж байгаа. Түүнээс гадна докторын түвшинд 10 гаруй оюутан суралцаж байна. Мөн бакалавр, магистраар суралцаж буй оюутнууд ч бий. Бакалаврын анги гурван жилийн хөтөлбөртэй, харин магистрын ангид хоёр жилээр суралцаж болно.

Түүнчлэн манай эрдэмтэн, судлаачид олон улсын монголч эрдэмтэдтэй холбоотой байдаг. Жишээлбэл өнгөрсөн оны аравдугаар сард Варшавын их сургууль дээр “Монгол Улс ба монголчууд” сэдвээр олон улсын эрдэмтэд хэлэлцүүлэг зохион байгуулсан" гэлээ. 

Мөн тэрбээр "Надад монголчуудын бурхны шашны түүх маш сонирхолтой санагддаг. Түүнчлэн Чингис хааны түүхийг заавал мэдэх хэрэгтэй. Их Монгол Улсын цаашдын хөгжил болон дэлхийн олон газартай хэрхэн холбогдсон зэрэг нь үнэхээр сонирхолтой. 

Монгол Улсыг тусгаар тогтнолтой болгохын төлөө маш идэвхтэй ажиллаж байсан Польшийн монголч судлаачийн тухайн үеийн (1912 он) материал одоо ч Краков дахь архивт хадгалагдаж байгаа. 

Цаашид зөвхөн Польшид байгаа монголч эрдэмтэд биш дэлхийн нийт монголч эрдэмтэд ирээд судлахыг урьж байна" хэмээн монголч эрдэмтэн Барея Стажиньска ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404