“Үзэсгэлэнт байгалиа сурталчилж явган алхалтын жуулчлалд хувь нэмрээ оруулна”
9 сарын өмнө

Увс нутгийг зорин очсон 12-75 насны 120 шахам явган алхагчид 2023 оны 7 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд 3 өдрийн туршид нийт 100 км-ийн явган алхалтыг хийжээ. Тус явган алхалтын хөтөлбөрийг Монголын явган алхалтын холбооны салбар Увс аймгийн явган алхалтын холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд Увс аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ болон нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, байгаль орчны боловсролыг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд хамтран ажиллав.

Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нь эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сурталчилах замаар явган алхалтын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, мөн монголчууд бидний өмнө тулгараад буй хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин эмгэг, тэр дундаа зүрх судас, тархи мэдрэл, стресс, үе мөч, судас шөрмөс, хорт хавдрын өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй явган алхалтыг иргэд, олон нийтэд сурталчилан ойлгуулахад ач холбогдол өгч аймгуудад энэхүү алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулахыг бодлогоор дэмжиж байна.

Явган алхагчид нь тухайн очсон газар орондоо явганаар аялангаа байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах үзэл санаанд суралцаж, мод тарьж, хүн ардын аж байдал, ахуй, ёс заншил, уламжлал, түүх соёлтой танилцаж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжийг ч мөн бүрдүүлдэг. Тус холбооны гишүүд нь Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Төв, Архангай, Дархан-Уул, Орхон, Говь-Алтай, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудын нутагт томоохон алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байсан бол энэ удаад Монгол орны баруун бүс нутаг Увс аймагтаа анх удаа ийнхүү явган алхаж байгаа ажээ.

Увс аймаг дахь “Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар 100 км”-ийн явган алхалтын хөтөлбөрийн хүрээнд явган алхагчид нь Улаангом хоттой танилцаж, түүхэн хөшөө дурсгал, үзэсгэлэнт газруудаар алхав. Мөн хуучин Түргэний төв, Түргэний гол, Дэлхийд ганц мөнх цаст Дэглий цагаан хайрхан, Улаан даваа, Түргэний уулс, Үүрэг нуур, Хагийн хөдөө, Чандмань улаан уул, Увс нутгийн хамгийн нам доор газар, Монгол улсын хамгийн том нуур, дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуур, Хяргас нуураар аялав. Мөн явган алхагчид Улаангом политехник коллежийн номын санд шинжлэх ухаан, уран зохиолын 100 гаруй ном хандивлаж оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Увс аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит музейд зочлон, Увс аймгийн явган алхалтын холбооны тэргүүн, гэрэл зурагчин Д.Баттулгын “Tug photography” гэрэл зургийн урлантай танилцаж 3 өдрийн туршид завгүй өнгөрүүлэв.

Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын зүгээс явган алхалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулж, өөрийн биеэр үлгэрлэн харуулж, амьдралын зөв дадал зуршлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээоруулж буй Монголын явган алхалтын холбооны “Тугтан” гишүүд Ж.Алтанцэцэг, С.Хандхүү нарыг Увс аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
Эрүүл монгол хүн, эх дэлхий, байгаль орчин бол монголын баялаг юм. Ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь үлдээж, эрүүл зөв дадал хэвшлийг үлгэрлэн харуулах нь явган алхагч бидний зорилго юм. Эрүүл мэндийн боловсрол, байгаль орчны боловсролыг түгээж, өөрсдийн биеэр дадлагажуулан буй явган алхагчид “Алхалт үнэ цэнийг бүтээнэ” гэж хэлэх дуртай.

Бидний дараагийн алхалт “Айрагтай нутгийн алхалт – Булган 100 км”, “Эзэн Чингис хааны өлгий нутаг – Хэнтий 100 км”, “Төв сайхан нутаг – Төв 100 км”-ээр өртөөчлөн үргэлжлэх болно.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд явган алхагч нарт хандаж амжилт хүсч, Увс аймгаа товчхон танилцуулж, нутагтаа сайхан аялахыг урьж, халуун дулаан сэтгэлээр угтан авав. Аймгийн аялал жуулчлал, байгаль орчин, эрүүл мэндийн бодлогын хүрээнд явган алхалтын хөтөлбөр нь ихээхэн нийцтэй бөгөөд тус аймагт сүүлийн жилүүдэд явган алхах дуртай иргэдийн тоо нэмэгдсээр байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404