УДЭТ-ын урд талбайн тохижилтын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна
9 сарын өмнө
  • УДЭТ-ын гадна талбайн тохижилтын зураг төслийг 2021 онд боловсруулсан ба 900 орчим сая төгрөгийн төсөвтэй.
  • Бүтээн байгуулалт эхлэх үед тохижилтод иргэдийн зүгээс сэтгэл дундуур, шүүмжлэл дагуулж байв.  
  • Тоосгоор барьж байсан цэцгэн мандал гэх зуйван хэлбэртэй хэсгийг буулган, тохижилтын ажлыг түр зогсоосон.  
  • Тус тохижилтын ажлыг наймдугаар сарын эхээр дуусгахаар ажиллаж байна.

Өнгөрсөн сард УДЭТ-ын гадна зогсоолын үйл ажиллагааг зогсоож тохижилтын ажил эхэлсэн. Уг тохижилтын зураг төслийг 2021 онд боловсруулсан ба 900 орчим сая төгрөгийн төсөвтэй. Гэвч  бүтээн байгуулалт эхлэх үед тохижилтод иргэдийн зүгээс сэтгэл дундуур, шүүмжлэл дагуулж байв.  

Тухайн үед энэ асуудлаар албаны хүмүүсээс тодруулахад иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн зураг төслийг өөрчилж байгаа хэмээн мэдээлж байв. Түүнчлэн УДЭТ-ын урд хэсэгт тоосгоор барьж байсан цэцгэн мандал гэх зуйван хэлбэртэй хэсгийг буулган, тохижилтын ажлыг түр зогсоосон.  

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодруулахад “Тус тохижилтын ажлыг наймдугаар сарын эхээр дуусгахаар ажиллаж байна. Ажлын явц 60-70 хувь байна. Анх талбайн гол хэсэгт усан оргилуур барих байсан ч тохиромжгүй гэж үзэн цэцгэн мандал байгуулахаар болсон. Гэвч зай талбай их эзэлж, драмын сонгодог барилгатай нийцэхгүй байсан тул буулган, талбайн дөрвөн талд цэцгэн мандал бүхий хэсэг байгуулахаар болов. Мөн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дууны өсгөгч байрлуулан ая тоглуулах байдлаар тохижуулна.  

-Анхны зураг төслөөрөө ажил явагдаагүй учир төсвийн зардал нэмэгдсэн үү?

Үгүй. Зураг төслөөрөө усан оргилуур баригдах байсан. Түүний шугам, сүлжээний зардлууд хэмнэгдэж байна. Энэ хэмнэсэн зардлаараа Б.Цэрэндоржийн гудамжны талбай руу сунгаж тохижуулна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404