Оросын армийн генерал ажлаасаа халагджээ
9 сарын өмнө

Украины фронт дээрх нөхцөл байдлын талаар батлан хамгаалах яамны удирдлагуудад гомдол гаргасан Оросын армийн генерал ажлаасаа халагдсан тухай өчигдөр мэдээлжээ.

Оросын зэвсэгт хүчний өмнөд тойргийн 58 дугаар армийн командлагч, хошууч генерал Иван Поповын энэ тухай ярьсан хоолойн бичлэгийг ОХУ-ын төрийн Думын гишүүн Андрей Гурулев өчигдөр нийтэд ил болгосон байна.

Гурулев нь армийн командлагч байсан, батлан хамгаалах салбарт ойр байдаг хүн юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам одоогоор түүний нийтэлсэн дуу хоолойн бичлэгийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Гурулевын тараасан бичлэгт Попов “Дарга командлагч нарт нэг бол чимээгүй айж суух, эсвэл байгаа байдлыг үнэнээр нь хэлэх хэцүү сонголт тулгарсан. Гэвч амь үрэгдсэн дайчин нөхдийнхөө нэрийн өмнөөс худал ярих эрхгүй тул би байгаа бүх асуудлыг тоймлон хэлсэн юм” гэж ярьжээ.

Украины их бууны цохилтын улмаас Оросын хохирлын тоо улам нэмэгдэж байгаа, Оросын армид үүний эсрэг хамгаалах зэвсэг, тагнуулын мэдээлэл дутагдаж байгааг тэр ярьсан байна.

“Дээд удирдлагууд надаас ямар нэг аюулыг мэдэрсэн бололтой. Батлан хамгаалахын сайдын тушаал ганцхан өдрийн дотор гарч, намайг ажлаас халлаа. Украины арми манай хориглолтын шугамыг эвдэж чадаагүй байхад дарга нар биднийг ар талаас нь цохиж, хамгийн хүнд хэцүү цаг үед армийн удирдлагын толгойг тастаж байна” гэж Попов шүүмжлэн ярьжээ.

Оросын зарим Телеграм сувгуудын мэдээлснээр зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов өөрөө Поповтой холбогдож, түүнийг халж байгаагаа мэдэгдсэн гэнэ.

Энэ үйл явдал нь Украинд байлдаж буй Оросын зэвсэгт хүчнийхэн батлан хамгаалах яамны удирдлагууддаа сэтгэл дундуур байгаагийн бас нэг илрэл болж байна.

Украины дайнд голлох үүрэгтэй оролцож байсан Вагнер хувийн зэвсэгт хүчний тэргүүн Евгений Пригожин өмнө нь бас Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг мэргэжлийн ур чадваргүй, авлигад идэгдсэн хэмээн хурцаар шүүмжилж, түүнийг зайлуулахаар зэвсэгт бослого гаргаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404