Тэтгэврийн жилээ шинэчлэн тогтоолгох боломжтой
10 сарын өмнө

Энэ сараас буюу 7-р сарын 1-нээс Монгол Улсын Засгийн Газар тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр ойртуулах ажлыг хэрэгжүүлсэн ч "Зарим нэг ахмадынх нэмэгдээгүй, ялгавартай хандсан" гэх мэт гомдол ахмадуудаас гарсан. Бид үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын газрын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.

-Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг ойртуулах ажлыг хэрэгжүүллээ. Энэ тухайд мэдээлэл өгөөч?

-2022 онд итгэлцүүр шинэчлэн батлахын өмнөх мөрдөж байсан итгэлцүүр нь 2014 онд баталсан итгэлцүүр байсан. Тэгэхээр нэг ёсондоо есөн жилийн дараа шинэчилж баталж байна гэсэн үг. Энэ шинэчилж батлахдаа шууд батлаагүй, хуулийн дагуу баталсан. Хуулийн дагуу үүнийг Үндэсний статистикийн хороогоор шалгуулж санал авдаг. Үндэсний статистикийн хорооноос бидний тооцоолсон итгэлцүүрийг дэмжсэн. Мөн хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж ажил олгогчийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, засгийн газрын төлөөлөл аль аль нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр одоогийн итгэлцүүрийг баталсан байгаа. Ялангуяа Ахмадын холбооны төлөөлөл “Бид нарын бодож байсан итгэлцүүрт их ойртсон байна аа” гэсэн санал хэлж байсан. Итгэлцүүрийг тайлбарлах маш энгийн жишээ авъя л даа. Тэтгэвэртэй шууд холбоогүй ч гэсэн, 1990 оны итгэлцүүрийг бид нар 2060 гэж тогтоосон. 2060, хойд талын бутархай оронг бол би хэлсэнгүй. 1990 онд 700 төгрөгийн цалинтай байсан дээд боловсролтой хүний цалин итгэлцүүрээр нэг сая 442 мянган төгрөг болж байгаа юм.

 

-Итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдээгүй гэх ахмадууд бас байна шүү дээ. Эдгээр ахмадын тэтгэвэр яагаад нэмэгдсэнгүй вэ?

-Нэмэгдээгүй хүмүүсийг нь дотор хоёр хувааж байгаа юм. Цалинтай мөртлөө нэмэгдээгүй, цалингүй учраас нэмэгдээгүй. Цалингүй хүмүүсийн хувьд цалингүй мөртлөө тэтгэвэр авдаг хүмүүс энэ жил гэнэт бий болоогүй. Бүх цаг үед жилд дунджаар 40 мянган хүн тэтгэвэр тогтоолгодог. Тэрний зарим нь цалингүй. Цалин нь олдохгүй байгаа учир тэтгэврээ тогтоолгож чаддаггүй. Итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдээгүй 160 орчим мянган хүнээс 85 мянга орчим мянга нь цалингүй хүмүүс байгаа.

-Цалин нь олдохгүй байгаа гэж юу гэсэн үг вэ? Та тайлбарлаад өгөөч.

-Хуулийн дагуу бол ажилласан жил нь нотлогдчихсон бол тэр хүн тэтгэвэртээ гарах нь нээлттэй. Гэхдээ 1995 оноос өмнөх цалин олдохгүй байх магадлал маш өндөр байдаг. Яагаад гэвэл 1995 оноос хойш Нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжээд Нийгмийн даатгалын байгууллага дээр сар болгон төлж байгаа шимтгэл, цалингийн мэдээлэл нь ирдэг болсон. Үүнээс өмнө тухайн үед мөрдөж байсан хуулиараа архивын байгууллагад цалингийн мэдээлэл нь хадгалагддаг байсан. Тэгээд ямар нэгэн шалтгаанаар цалингийн мэдээлэл архивд очоогүй байх тохиолдол бас байдаг.

-Өөр цалингүй мөртлөө тэтгэвэрт гардаг тохиолдол бий юу?

-Дараагийн нэг бүлэг цалингүй хүмүүс нь ямар хүмүүс байна вэ гэхээр нөхөн даатгал хийлгэсэн хүмүүс. 1990-2000 оны хооронд буюу нийгмийн шилжилтийн үед хүмүүст боломж олгосон нэг хууль гарсан. Энэ нь 78120 төгрөг төлөөд 11 жилийг нөхөн даатгалын хуулийн дагуу худалдаж авах боломжтой байсан гэсэн үг. Маш бага зардлаар сард хамгийн багадаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломжийг тухайн үед олгосон. Гэхдээ ингэж тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг буруутгах зорилго байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс бол хуулийн дагуу л бүртгүүлсэн хүмүүс байгаа. Гэтэл хажууд нь насаараа сувилагч, бага ангийн багш хийж нийгмийн даатгалаа төлсөн хүн тэтгэвэрт гараад 550 мянган төгрөг л авдаг хүмүүс байдаг учраас нөхөн даатгуулсан хүмүүсийн тэтгэврийг итгэлцүүрээр нэмээгүй.

-Тэтгэврийн байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа, буруу бодогдсон гэж үзэж байгаа ахмадууд маань тэтгэврийн бодолтоо шалгуулах боломжтой юу?

-"Миний тэтгэврийн бодолт эргэлзээтэй байна. Үүнийг би яаж шалгах вэ" гэж байгаа ахмадууд маань байна. Ахмадуудад тэтгэврийн бодолтоо шалгах хоёр, гурван янзын арга байдаг. Цахим орчинд Ndaatgal.mn сайт дээрх даатгуулагчийн web-ээрээ ороод шалгах боломж байгаа. Тэндээс ажилласан жил, цалин, тэтгэвэр тогтоолгосон цалин, итгэлцүүр, тэтгэврийн бодолт, гарт олгох тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл зэргийг харж болно. Мөн ахмадууд маань сумынхаа нийгмийн даатгалын байцаагч дээр, аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод тэтгэврийн бодолтоо шалгах боломжтой. Нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзаад хувийн хэргээ гаргаж ирж байгаад тайлбар авах бүрэн боломжтой.

-Цалинтай хэдий ч итгэлцүүрээр тэтгэвэр нь өсөхгүй байгаа ахмадуудад өөр ямар нэгэн боломж бий юу?

-Үнэхээр цалинтай ч тэтгэвэр нь өсөхгүй байгаа тохиолдолд хуулиар бас нэг боломж байгаа. Тэр нь юу вэ гэхээр итгэлцүүрийг Засгийн газар шинэчлэн баталсан тохиолдолд сонгосон цалингаа нэг удаа өөрчлөх эрх үүсдэг. Тэгэхээр байцаагчтайгаа ярьж байгаад өөр таван жилийн цалин олоод бодолтоо хийлгээд өндөр гарч байвал өндөр авах боломж нь нээлттэй. Цалингүй хүмүүсийн хувьд бас яг адилхан. Энэ хуулинд цалингүй тохиолдолд жишиг цалинг ашиглана гэх хуулийн заалт байгаа. Энэ жишиг цалинг 1994 оныг хүртэлх мэдээлэл нь олдохгүй байгаа цалин дээр л ашиглаж болно. 1995 оноос хойшоо бол жишиг цалинг ашиглах боломжгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404