Үлэг гүрвэлийн олдворуудын тавны нэг нь Монголоос олдсон
10 сарын өмнө

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, палеонтологийн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус хүрээлэнгээс мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээг 7 дугаар сарын 29-30 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт буюу үлэг гүрвэл олдсон газарт нь зохион байгуулна.  

Дэлхийн үлэг гүрвэлийн олдворуудын тавны нэг нь Монголын нутгаас олдсон байдаг. Харин иргэд энэ талаар дэлгэрэнгүй мэдлэг, ойлголт дутмаг тул судалгааны хүрээнд олж авсан мэдлэгийг танин мэдэхүйн хүрээнд энгийн, цэгцтэйгээр ойлгуулах зорилготой юм. 

Арга хэмжээний дэд бүтцийг 2000-5000 хүн хүлээж авахаар төлөвлөж байгаа ба хоол хүнс, байрлах орчин, урлагийн үзүүлбэр зэргийг багтаасан цогц арга хэмжээ болно гэдгийг онцлов. Мөн хүүхдүүдэд зориулсан “Залуу палеонтологич” булан байх юм байна.

2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгосонтой холбоотойгоор тус фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Манай оронд тусгай чиглэлийн буюу шинжлэх ухааны аялал жуулчлал сайн хөгжөөгүй тул уг арга хэмжээг энэ чиглэлийг хөгжүүлэх суурь болно гэж үзэж байгаа аж.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404