Хөгжлийн Банкны өр төлбөрт хураагдсан үл хөдлөхийг худалдан авах саналыг нээлттэйгээр шалгаруулж байна
10 сарын өмнө

Хөгжлийн Банк (ХБ)-ны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөхийг худалдах гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан ХБ-ны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХБ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод шилэн байдлаар зохион байгуулж байгаа юм.

Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэсээс авч болох юм байна.

ХБ-ны Төслийн санхүүжилтийн газрын захирал Б.Сайнзаяа “Зургаадугаар сарын 2-ноос эхлээд 18 хөрөнгийг зарж борлуулах ажил эхэлсэн. Өчигдөр 14:00 цагаас эхэлж "Шинэ яармаг" төслийн худалдан авах саналыг нээлээ. Нийт 75 үл хөдлөх санал болгосноос 169 санал ирж дөрвөн орон сууц, 16 зогсоолыг зарж борлуулаад байна.

Барилгын компаниуд болон төсөл хэрэгжүүлэгч нарыг "Шинэ яармаг" хорооллын барилгыг дуусгахад саналаа ирүүлэхийг урьж байна

Тухайн үл хөдлөх хөрөнгийг борлуулахдаа орон сууц авч байгаа иргэнд гараажыг нь тэргүүн эгнээнд сонгох боломжийг нээж байгаа.

Мөн "Шинэ яармаг" хорооллын орон сууцны дуусаагүй барилгуудыг борлуулж байна. Одоогийн байдлаар санал ирээгүй. Тиймээс барилгын компаниуд болон төсөл хэрэгжүүлэгч нар тус хорооллын барилгыг дуусгах саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

Санал ирүүлсэн иргэдийг хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр ил тод нээлттэйгээр шалгаруулж байгаа. Хөгжлийн Банкны dbm.mn сайт руу ороод харахаар ямар хүн, хэзээ саналаа өгөөд тэр нь шалгарсан үгүйг харах боломжтой.

Үл хөдлөх худалдан авах санал гаргасан иргэдийг санхүүгийн чадамжаа нотолж байгаа эсэхийг л нягталж гол шалгуураа болгож байгаа гэдгийг Хөгжлийн Банкны зүгээс онцолж байлаа.

Мөн үйл ажиллагаа болон холбогдох зардлуудаас үүдэж тухайн байрнуудын үнэд өөрчлөлт орж байгаа учраас үнийн мэдээлэл гурван сар тутам шинэчлэгдэж байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404