Монголд 200 мянган хүүхэд тамхи татаж байна
10 сарын өмнө
  • 2022 оны мэдээгээр Монголд 200 мянган хүүхэд тамхи татаж байна.
  • Электрон тамхины хийц загвар, амт, үнэр нь хүүхдүүдийг улам донтуулж байна.
  • Тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийн хажууд ой санамжийн чадвар нь 1.9 дахин бага байдаг.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд электрон тамхийг ихээр хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирох нь  ихэсжээ. ДЭМБ-ын судалгаанд дэлхий даяар 38 сая 300 мянган хүүхэд тамхи татаж байна. Нийслэлийн статистикийн газрын 2022 оны мэдээгээр Монголд 200 мянган хүүхэд тамхи татдаг.

Үүнтэй холбоотойгоор “Чандмань сэтгэл” төрийн бус байгууллага 2022 оны аравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд гурван шатлалтай социологийн судалгааг явуулсан байна. Судалгаа өсвөр насны хүүхэд залуучуудын электрон тамхины хэрэглээний нөхцөл байдлыг судлан, тодорхойлох зорилготой юм.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн зарим ЕБС, лицей, УБ, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн МСҮТ, коллеж, их дээд сургуулийн оюутан, суралцагч гээд нийт 1139 суралцагч, 933 багш, эцэг эхчүүд судалгаанд оролцсон. 12-20 насны хүүхэд, залуучууд хамрагджээ.

“Чандмань сэтгэл” ТББ”ын судалгааны төвийн ерөнхий зохицуулагч, социологич С.Уранчимэг, “ЕБС-ийн 7-12 ангийн хүүхдүүдээс ярилцлагын аргаар судалгаагаа авсан. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь электрон тамхи татдаг гэсэн үзүүлэлттэй байна. Үр дүнд хэд хэдэн асуудлыг олж харсан. Электрон тамхины талаар үнэн бодит байдлаас ихээхэн зөрүүтэй, буруу ташаа мэдээлэлтэй байдаг.

Хүүхдүүд хэрэглээний чамирхал, нэр төрийн хэрэг гэж ойлгон төөрөгдөж, сайн сайхан зүйл мэт боддог. Энэ байдал электрон тамхи өсвөр насны хүүхэд залуучуудын дунд хурдан тархаж байгаагийн шалтгаан болж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь тамхины хийц загвар, амт, үнэр юм” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хүүхдүүд электрон тамхины хортой байдлын талаар мэдээлэлгүй байгааг судалгааны үр дүн харуулж байна. Эмч нар тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст электрон тамхийг санал болгодог нь хамгийн буруу. Электрон тамхинд никотин болон хорт хавдар үүсгэдэг бодис агуулагддаг. Никотин агуулсан ч бай, агуулаагүй ч бай энэ тамхины шингэнд хорт хавдар үүсгэдэг янжуур тамхитай адил химийн болон бусад хортой бодисууд байдаг.

Зүрх, судас, уушгины эмгэг гээд эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Хүүхэд, өсвөр насныхны хөгжиж буй тархийг гэмтээдэг тул янжуур, электрон тамхи нь эрсдэлтэй. Электрон тамхины хийц загвар, амт, үнэр нь хүүхдүүдийг улам донтуулж байна. Электрон тамхийг янжуур тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах арга хэрэгсэл гэх, эсхүл янжуур тамхинаас хор багатай, никотон агуулаагүй гэж хэлэхэд хангалттай нотолгоо байхгүй байна гэж ДЭМБ-аас зөвлөсөн байдаг” гэсэн юм.

Никотины хүний тархинд үзүүлэх нөлөөг судалсан Нидерландын эрүүл мэндийн судалгааны үр дүнд тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулахад ой санамжийн чадвар 1.9 дахин, танин мэдэхүйн уян хатан байдлын чадвар 2.4 дахин, ерөнхий танин мэдэхүйн чадамж 1.4 дахин бага байдаг гэж мэдээлэв. 

Б.Саранчимэг

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404