ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН 8 ҮЛ ХӨДЛӨХИЙГ ХУДАЛДАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
10 сарын өмнө

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр цахим хуудсанд байршуулж, зургаадугаар сарын 15-наас худалдан борлуулах санал авч эхэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүсэлт гаргагчдын саналыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Худалдан авах хүсэлт гаргагчийн цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг 2023 оны зургаадугаар дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт ШӨХТГ болон ТӨБЗГ-ын төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 18 үл хөдлөх хөрөнгөөс 8 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн.

Үүнд:

- БЗД 1-р хороо, Барилга Мега Стор худалдааны төвийн В1 давхрын 895.02 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай

- Ла Колина хотхоны 3, 10, 11, 14, 15, 23, 26 тоотууд

Дээр дурдсан 8 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

Харин үлдсэн 10 үл хөдлөх хөрөнгө дээр цаашид сонирхсон иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй юм. Саналыг банкны цахим хуудсаар Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хэсгийн /Худалдан борлуулах ҮХХ/ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой. Ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Ирүүлсэн саналын мэдээлэл/ цэсээс харах боломжтой.

ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНИЙН ДҮНГ ГУРВАН САР ТУТАМД ШИНЭЧИЛНЭ

Хөгжлийн банкнаас нийт худалдан борлуулах 93 үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь ангилбал 53 нь орон сууц, 11 нь үйлчилгээний зориулалттай талбай, 16 нь авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нэг байгаа бөгөөд амины орон сууцны зориулалттай, долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок буюу (332 ш) авто зогсоол, нэг газар байна. Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 179.3 тэрбум төгрөг бөгөөд үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнийн дүнг гурван сар тутамд шинэчлэн тогтоох юм.

Цаашид борлуулагдаагүй үлдсэн үл хөдлөх хөрөнгийг зарагдах хүртэл санал авах хуудас нээлттэй байна. Тиймээс худалдан борлуулах зарлал дахин оруулахыг хүлээхгүйгээр банкны веб хуудсанд хандан зарагдаагүй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналаа өгөх боломжтой.

Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь нэн чухал байна. Иймд чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод шилэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404