Япон Улс дөрвөн аймагт гал унтраах машин өгнө
2022/12/24

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өчигдөр /2022 оны 12 дугаар сарын 22/  гарын үсэг зурлаа.  


Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төслийн хүрээнд “Япон Улсын Гал түймэртэй тэмцэх холбоо”-ны дэмжлэгтэйгээр

  1. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт,
  2. Дундговь аймгийн Хулд,
  3. Завхан аймгийн Отгон,
  4. Ховд аймгийн Үенч, Мянгад суманд Япон Улсад өмнө нь ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх юм.

Монгол Улсын хэмжээнд нийт гал түймэртэй тэмцэх 220-н сайн дурын хэсэг гал түймэр унтраах үйл ажиллагаа явуулдаг боловч, ихэнх нь гал унтраах тусгай тоноглол бүхий автомашингүй. Гал гарсан тохиолдолд нутгийн сайн дурын хэсэг ус түгээх машин ашиглан гар аргаар галтай тэмцэхээс өөр аргагүй нөхцөлд байна.

Энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд, ОБЕГ дээрх сумдыг хүн ам, төвөөс алслагдсан байдал, замын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх сумдаар сонгосон билээ. Эдгээр автомашиныг нийлүүлснээр, дөрвөн аймгийн таван сумын хувьд гал түймэртэй түргэн шуурхай, оновчтой тэмцэх боломжтой болохоос гадна нутгийн иргэдэд аюулгүй, таатай амьдрах орчин бүрдэхэд хувь нэмэр оруулах юм.



Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 588 дахь болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 92,411 ам.доллар юм.  

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404