Н.Учрал: Цахим технологи эрдэс баялгийн хулгайг үндсээр нь устгана
2022/12/12

Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг /2022.12.10/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа. Хувийн хэвшлийн зүгээс нүүрсний онлайн бирж гаргаж, цахим арилжаа хийх талаар бодитой шийдэл гаргаж, Засгийн газарт өргөн барьж байгаагаа илэрхийлэв.

Энэ уулзалтын үеэр сайд Н.Учрал хэлэхдээ "Энэ санаачлагыг гаргаж байгаа "Гэрэгэ" системийн хамт олон болон Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, "Ард" санхүүгийн нэгдэлийн хамт олонд талархаж байна. Цахим арилжаа хийх журмыг Засгийн газрын хурлаар ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болсон. Уг журамд салбар яамны саналуудыг тусгасан. Монгол Улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсон учраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан цахимжилтыг хийж, бодлогын уялдааг хангахаар ажиллана.

"Эрдэнэс Тавантолгой" компани Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж өөрсдийн системийг танилцуулж, шийдлээ гаргасан. Мөн Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв нүүрсийг олборлохоос эхлээд худалдан авагч хүртэлх бүх оролцогч талыг хамруулж, хүний оролцоогүй цахимжуулж, автоматжуулах, хяналт тавих, татвар тооцох шийдлийг боловсруулсан.

Уул уурхайн баялаг бол Монгол Улсын ард түмний өмч. Тиймээс төр захиран зарцуулахдаа хяналтыг нь ард иргэддээ өгч, ил тод, нээлттэй байлгах ёстой. Энэ бүхэн ил тод биш учраас өнөөдрийн нийгмийн бухимдал үүсч байна. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтныг өөр хүнээр сольсноор энэ бүхэн шийдэгдэхгүй. Тогтолцоогоор нь өөрчлөх ёстой. Тэгэхээр цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэс баялгийг хулгайлж, тонодог асуудлыг уг үндсээр нь устгана. Хүнээс хамааралтай, мэдээлэл нь хаалттай байвал энэ асуудал угжирсаар байх болно. Өнөөдөр нүүрсний асуудлыг дэлгэсэн Засгийн газар ард иргэдтэйгээ хамтран ил тод болгоё. Нүүрсний худалдаа нүдэнд харагддаггүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн" гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд О.Батнайрамдал:

-Салбар яамнаас нүүрс гэлтгүй эрдэс баялгийн салбарын тогтолцооны шинэчлэлийг хийхээр сүүлийн хоёр жил ажиллаж байна. Сүүлийн найман жил яригдаад шийдэгдэж чадаагүй асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг оруулсан. Дараагийн долоо хоногт УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хуульд төрийн өмчийн оролцоотойгоор хувийн хэвшилтэй хамтран уул уурхайн биржийг байгуулах заалт нь нээлттэй болж байгаа. Хөрөнгийн биржээс их онцлог шүү дээ. Агуулах, лаборатори, технологийн дэвшил, тээвэрлэлт гэх мэт олон талын тоглогч оролцдог. Мөн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотойгоор экспортын нүүрсийг яаралтай цахим системд шилжүүлэх ажлыг хийж байна. Эхний ээлжид "Энержи ресурс" компани ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цахим арилжаа хийхээр болж буй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404