Сергей Лавров: Өрнөдийнхөн Орос, Казахстаны хооронд хагарал үүсгэх сэжүүр хайж байна
2022/12/12

Бямба гарагт Казахстаны Хабар-24 мэдээллийн сувагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ярилцлага өгчээ.

Энэ үеэр тэр хоёр улсын харилцаанд хагарал гаргах сэжүүр хайж байгаа Өрнөдийн орнуудыг хатуу шүүмжилсэн байна.

“Өнөөдрийн нийгэмд үнэн, худал ямар ч мэдээлэл хурдтай тархдаг болсон байна. Бидний харилцаанд сэв суулгах сонирхолтой увайгүй этгээдүүд энэ боломжийг шууд ашиглаж байна. Манай АНУ-ын түншүүд болон Европын Холбооны төлөөлөгчид Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа үүссэн орон зайд нэлээд анхаарал хандуулдгийг бид мэднэ. Тэд тодорхой хувь хүмүүсийн хэлсэн үгийг аль нэг улсын төрийн бодлогын хэмжээнд аваачин хөөрөгдөх сэжүүр бүрийг хайдаг. Үүнийгээ ч нуудаггүй” гэж Лавров ярьжээ.

Хэдийгээр Өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч байгаа ч Орос, Казахстаны худалдааны хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар 10 хувиар өсөж, $22 тэрбумд хүрснийг тэр ярилцлагадаа онцолсон байна.

Лавров бас доллар, евро зэрэг гадаад валют найдваргүй нь нэгэнт батлагдсан тул Евразийн Эдийн Засгийн Холбоо, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн хамтын ажиллагааны хүрээнд санхүү, төлбөр тооцооны өөр механизм ашиглах боломжтойг энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: ТАСС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404