Монгол Улс ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН золиос болох аюул заналхийлж байна
2022/12/09

Нүүрсний хулгайг, угтаа бол нийгэм, эдийн засгийн хүндрэл, тэгш бус байдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг гээд өнөөдрийн Монголд тулгамдсан олон асуудлыг эсэргүүцсэн ард иргэдийн төлөөлөл Төв талбайд 5 дахь өдрөө жагсаж байна. Тэдгээр “ОРГАНИК” жагсагчидтай зэрэгцэн,  нэгдсэн зохион байгуулалтад орсон ОРГАНИК БУС тэмцэгчид ч мөн адил 5 дахь өдрөө жагсаж буй нь тов тодорхой харагдаж буй юм.

Монгол Улсын ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төлөөллийн ардчиллын зарчмаар төрийн эрх мэдлийг  хэрэгжүүлэх эрхтэй. Мөн түүнчлэн өөрсдийн сонгосон төлөөллүүдээсээ шударга, хариуцлагатай байхыг нэхэн шаардах бүрэн эрхтэй.

Гэхдээ үүнийгээ ТАЙВАН ЗАМААР илэрхийлэх ёстой болохоос захиалгат тэмцэгчид шиг нийгмийг үймээн самуунд уриалж, эмх замбараагүй байдалд турхирч, зүй бусаар авирлах ёсгүй юм.

Тэгвэл 5 өдөр үргэлжилж буй энэ удаагийн жагсаал тэмцлийн өрнөлийг харахад, улс оронд тулгамдсан асуудлуудад шийдэл хайх гэхээсээ эмх замбараагүй байдлыг өдөөх, төрийн эрхийг “дуулгавартай” бүлэглэлд шилжүүлэх буюу ӨНГӨТ ХУВЬСГАЛ хийхэд чиглэсэн алхмууд бодитой хийгдэж буй талаар шинжээчид хэлж, ярьж эхэллээ.

Бүр тодруулбал, Монгол Улсад ӨНГӨТ ХУВЬСГАЛ хийх бүх технологи хангагдаж байна гэсэн дүгнэлтийг зарим шинжээчид хийгээд байна.

Дэлхийн цөөнгүй улс орон дотоод улс төрийн алдаа завхрал, авлига, шударга бус байдлаасаа үүдэн гаднаас санхүүжүүлсэн ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН  золиос болж, эрх мэдлээ ямар нэг хэлбэрээр алдсан баримтуудыг бид бэлхнээ мэднэ. Улс орнуудад гарсан, гарч буй өнгөт хувьсгалууд ямар хөрс суурин дээр амжилттай хэрэгждэг вэ гэхээр нэн тэргүүнд тухайн улс оронд “тулгамдсан” асуудлууд байдаг.

 Гаднынхан өөрсдийн эрх ашигт нь нийцтэй гэж үзвэл тухайн улс орны тулгамдсан асуудлуудыг барьж авч, нийгэмд нэр нөлөө бүхий олны танил хүмүүс, инфлюзерүүдийг нь гол дүрд тоглуулдаг. Мөн тухайн улс оронд болж буй эсэргүүцлийн талаар, хувьсгал болохоос өөр гарцгүй болсон гэх мэт агуулга бүхий мэдээллүүдийг гаднын хэвлэлүүдээр зэрэг зэрэг цацуулдаг. Тэртээ тэргүй тулгамдсан олон асуудал бүхий нийгэмд байгаа иргэдийн сэтгэлзүй хямралтай байдгийг далимдуулдаг. 

Тэгвэл өнөөдрийн Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдал, 5 өдөр үргэлжилж буй жагсаалтай зэрэгцэн болж байгаа давхар давхар үйл явдлуудыг харахад дээрх технологиуд бүгд хангагджээ. Хэн хэн гэдэг олны танилууд юу хэлж ярьж байгааг бид харж байна. Гаднын хэвлэлүүд Монголын нөхцөл байдлын талаар хэрхэн яаж зэрэг зэрэг нэг агуулгатай мэдээлэл цацаж буйг бид бэлхнээ харж байна.

“Аль Жазера”,  BBC,  Латвийн  англи, орос хэлээр мэдээлэл түгээдэг Meduza  цахим хуудас, Казахстаны үндэсний телевиз болон хэд хэдэн нөлөө бүхий мэдээллийн сайтууд Монголын мянга мянган иргэд авлига, нүүрсний хулгай, инфляцыг эсэргүүцэж,  өвлийн хүйтнийг үл  хайхран эсэргүүцлийн жагсаал хийж, зарим нь Засгийн газрын ордон руу дайрахыг завдаж байна хэмээн мэдээлэв.

Америкийн News Corp хэвлэл мэдээллийн корпорацын долоо хоног тутмын мэдээллийн сонин сэтгүүл “Barron’s” Улаанбаатар хотод өрнөсөн жагсаалын үйл ажиллагааны талаар гаргасан AFP мэдээллийн агентлагийн мэдээллийг “МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН ИРГЭД АВЛИГА, ИНФЛЯЦЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ” гарчигтайгаар нийтлэв. Ерөнхийдөө бүгд нэг агуулгыг барьж мэдээлж байгаа юм.

Тэгэхээр дэлхийн өөр бусад хэд хэдэн оронд гаднын эрх ашигтайгаар хийгдэж байсан өнгөт хувьсгал энэ удаад чухам яагаад Монголыг онилов гэдэг асуудал гарч ирж таарна.

Тэгвэл хариулт нь үнэндээ тодорхой шахам байна. Бид дэлхийн том тоглогчид болох хоёр хөршийн дунд байрладаг. Хойд хөрш дайнаас үүдэн дэлхийтэй ямар харилцаатай байгааг бид мэднэ. Өмнөд хөрш ковид цар тахал хийгээд улс төрийн дотоодын нөхцөл байдлын хувьд ч мөн л дэлхийн анхаарлын төвд байна. Ийм үед Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын гадаа байх гээд ч боломжгүй. Түүнчлэн үйл явдлын цөм бүс нутагт, гол хэсэгт байгаа нь үнэн. Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан зэрэг  нь цаг хугацааны хувьд ч яах аргагүй анхаарал татаж буй.

Ерөнхийдөө бол дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикт жин дарах нөлөө бүхий хоёр том улсын хажуу дахь Монгол Улсад нөлөөллөө, хяналтаа тогтооно гэдэг бол өнгөт хувьсгалыг өдөөгчдийн хамгийн гол эрх ашиг байх магадлал хамгийн өндөр юм.

 

ДАШРАМД, ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН  БОДИТ ТӨРХИЙГ ИЛЧЛЭХ  БАРИМТЫГ ЭНД ДУРДАЯ.

 

2000 онд Холбооны Югослав улсын ерөнхийлөгч Слободан Милошевич улиран сонгогдсон нь НАТО-гийн хувьд хүлээж авч болохооргүй үр дүн байсан бөгөөд эхэндээ “нам бус” хаяг зүүсэн залуучууд сар шахам хугацаанд Белград хотын гудамж, талбайг дүүргэн жагсаж байв.

Жагсаал цуглаан эхэндээ тайван байсан ч сүүлдээ мод, чулуу шидэх, автомашин хөмрөх, дэлгүүр лангууг түйвээн сүйтгэх, Ерөнхийлөгчийн ордон руу хүч хэрэглэн дайрах хэлбэрт шилжсэн юм. Үүнийгээ хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, авлигатай тэмцэх, шударга ёсны тэмцэл зэргээр нэрлэж зөв зүйтэй үйл хэрэг мэтээр сурталчилж байсан билээ.

Гэтэл сүүлдээ мөнөөх “нам бус” залуучууд нь “Отпор!” буюу серб хэлээр “Эсэргүүцэл!” нэртэй улс төрийн хөдөлгөөн, нам байсан нь ил болсон байдаг. С.Милошевич хэдийгээр өө сэвгүй шударга удирдагч байгаагүй, дурдсан бүх дутагдал түүнд байсан ч ард түмний олонхын саналыг авч сонгогдсон хууль ёсны ерөнхийлөгч байсан юм. Гэвч тэр цус урсгахыг хүссэнгүй, огцорч байв.

Ийнхүү нэн шинэ түүхийн анхны өнгөт хувьсгал ялалтаар өндөрлөсөн түүхтэй. НАТО-гийн хувьд шударга ёс, ардчилал бус, харин терроризм, хүний наймаа, эд эрхтний наймаа эрхэлж байсан Косовогийн албаничуудын цэрэгжсэн бүлэглэлийг намжаахын тулд тусгаар улс байгуулж өгөх нь гол зорилго байсан байдаг.  Үр дүнд нь Югославаас үлдсэн хоёрхон улс  задарч, Сербийн нутаг дэвсгэрээс таслан Косовог салгасан ба иргэний хямрал, мөргөлдөөний улмаас иргэд нь зовж зүдэрсээр байгаа гашуун жишээ бий.

Тэгэхээр “Өнгөт хувьсгал”-уудын үнэн төрхийг илчилсэн ийм сургамжууд байсаар байхад Монгол Улс сургамж авахгүй алдаж үл болох юм.

 

zindaa.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404