Улстөрчдөд, жагсагчдад ч хэрсүү ханддаг болжээ, монголчууд!
2022/12/05

Өвлийн тэсгим хүйтэнд Сүхбаатарын талбайг гороолсон жагсагчид Их тэнгэрийн амыг зорьсноор өндөрлөв.  Хуучин цагт бол хавар намар, сонгуулийн өмнө идэвхждэг байсан жагсаал, тэмцэл өвлийн цагт ч хүчээ авч байгааг улстөрчид, улс төрийн намууд анзаарч харж байгаа болов уу. Зөвхөн мөнгө харж жагсч, тэмцдэг хэсэг байхад нөгөө хэсэг нь чин үнэнчээр шударга бус зүйлийн төлөө, ирээдүйнхээ төлөө, өөрийнхөө төлөө, улсынхаа эрх ашгийн төлөө тэмцэж, жагсч байна. Ихэнхдээ жагсаал, цуглаан “ардаа эзэнтэй”, албан тушаал, эрх мэдлийн төлөө жагсах нь олон. Санаж байгаа бол жагсч, тэмцсэн бүхний ард улс төрийн ашиг хонжоо, эрх мэдлийн төлөөх тэмцэл байдгийг монголчууд мэддэг болсон.

Ялангуяа сонгууль угтсан жагсаалуудыг санаж байгаа биз ээ. Сонгууль ойртох тусам жагсаал, тэмцэл нэмэгддэг нь ч нууц биш ээ.

Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт Сүхбаатарын талбайд тайван эхэлсэн жагсаал, Их тэнгэрийн аман дахь Төрийн гурван өндөрлөгийг чиглэсэж, залуус тэсгим хүйтэнд нүцгэлж, нүүрсний хулгайчдаа ил болго, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнээс хариуцлага шаардаж, шударга ёсыг шаардсан жагсаал байв. Нөгөө талд Covid-19 цар тахлын дараа эдийн засаг, хил гааль, геополитикийн асуудлаас үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, төгрөгийн ханш суларсан, иргэд орлогогүй байна гээд бухимдах сэдэв мундахгүй байна.

Чухам ийм иргэдийн сэтгэл зүй дээр “нүүрсний хулгай” гэх олон жил ярьж байгаа, шалгагдаж байгаа ч хариуцлага тооцоогүй явж ирсэн асуудлыг “өрдөж” өнөөдрийн жагсаал өрнөв. Орлогогүй, ажлын байргүй болсон, авч байгаа цалингаа амьдралдаа арай гэж хүргэж байгаа иргэдийн хувьд бухимдаж, тэмцэж, үгээ хэлэх эрх чөлөөгөөр хуулийн байгууллага хангаж, иргэд ч ухамсартайгаар шаардлага хүргэсэн жагсаал болов.

Олныг хамарсан жагсаалыг эмх замбараагүй болгох гэсэн хэсэг бүлгийн өдөөн хатгалгад орохгүй, зохих ёсны шаардлагуудаа тавиад жагсаал тайван өндөрлөв. Төр нь ч иргэдийнхээ өөдөөс цагдаа, хүчний байгууллагыг “хүч хэрэглэхгүй” тайван жагсаал болж өндөрлөлөө. Нэг үеэ бодвол монголчууд жагсч, эсэргүүцлээ илэрхийлж, зөв тэмцдэг болж байна. Жагсагчдын өдөөн хатгаж, турхирснаар эрдэнэт хүний амь эрсдэл болдгийг бид 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр үзсэн билээ. Нөгөөтэйгүүр улстөрчид хэн нь иргэдийнхээ төлөө, хэн нь өөрийн хувь эрх ашгийн төлөө вэ гэдгийг ч ялгаж салгаж сурч байна. Иргэд мэдээлэлтэй, ухамсартай болохын хирээр сонгуулиар ч сонголтдоо зөв хийдэг болох соёл руу ч цаашид хөтлөх болно гэсэн итгэл олон нийтийн дунд байна.

Тэгэхээр мөнгө аваад жагсдаг, хэн нэгний эрх ашгийн төлөө төлбөртэй жагсаалд гүйгээд очдог байсан монголчууд хэрсүүжиж, ямар жагсаалд нь очиж нэгдэх, аль жагсаалд нь очихгүй байх вэ гэдэг нь Сүхбаатарын талбайг дүүргэж байгаа эсэхээс харж болно.

Түүнээс гадна нам, улс төрийн холбогдолтой жагсаалд иргэд бага оролцож, өөрсдийнхөө төлөө, дуу хоолойгоо зөв замаар хүргэх боломжтой жагсаалд оролцогчдын тоо олон болж, эрүүл зөв шаардлага тавьж байна. Ялангуяа өнгөрсөн зун болсон залуучуудын жагсаал болоод өчигдрийн жагсаалууд үүнийг тодотгож байна. Энэ бүх жагсаалуудыг хэн нэгний “захиалгатай” эсэхэд дүгнэлт хийх гэсэнгүй. Харин монголчууд аливаа асуудалд эрүүл, зөвөөр хандаж, жагсч, тэмцэхдээ ч хэрсүүжиж байгааг онцлохыг зорив.

 

Эх сурвалж:news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404