Аврагчид 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна
2019/03/06

Эко алтан заамарын уурхайд дахин нуранги үүсч мэдэх эрсдэл байгааг мэргэжлийнхэн хэлсэн. Өмнө нь нуранги үүсч байгааг ажилчид мэдэж байсан бөгөөд ослын өмнөх өдөр шөнийн ээлжийнхэн ажиллаагүй байна. Гэтэд удирдлагууд нь аюулгүй гэсээр байгаад ажилчдыг уурхайн гүнд оруулсан байдаг.  "Энэ осол газар хөдлөлттэй ямар ч холбоогүй, 100 хувь компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Ослыг нуух гэж оролдож, гадагшаа мэдээлэл задруулахгүйн тулд утасны сүлжээ болоод интернетэд холбогдох боломжийг хязгаарласан” гэдэг мэдээллийг тус компанийн ажилчдаас өгчээ.

Одоо “Эко-Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид  өдөр шөнөгүй ажилласаар 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа.

Одоогоор нурангид дарагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажилласаар байна.

Өнөөдрийн байдлаар 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 120,055 м3 ус соруулан, 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй болжээ. Үндэсний аврах бригадын 3 аврагч 9 удаа 1-2,5 метрийн гүнд шумбалт хийсэн байна. Мөн завь ашиглан карьерийн 1364 м2 талбайн зайрмагдсан мөсийг хагалж зөөвөрлөн, тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Мөн түүнчлэн нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулж эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 3 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404