Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш
2022/11/16

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөртэй нь холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Улстөрч болон тодорхой албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэж зогсоодог байсан нь надад ч бас мэдэгдэж байна. Тухайлбал, МАН дотор хагарал бий болсон. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, Д.Амарбаясгалан өөрөө оронд нь очих нь гэх мэт зүйлийг зориуд зохион байгуулалттайгаар гаргаж байна.

Энэ бүх зүйлийг АН дотроо учраа олж чадаагүй, эрх мэдэлд улайрсан зарим нэг нөхдийн хийж буй үйлдэл хэмээн харж байгаа. МАН-ыг эв нэгдэлгүй болгож, Засгийн газрын түвшинд ажил хэвийн тогтвортой явах нөхцөлийг алдагдуулснаар сөрөг хүчнийг төлөөлөх гэж оролдож буй зарим нэг хүний хүсэл хангагддаг юм болов уу. Засаг төр тогтвортой байж өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй даван туулах нь бидний зорилго. Түүнээс биш албан тушаалын төлөө зөрчилдөн тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш.

МАН бол эв нэгдлээрээ бусад аль ч улс төрийн намд үлгэр дуурайлал болохоор нам. Л.Оюун-Эрдэнэ болон миний зүгээс хоорондоо эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдан тэмцэх ямар ч учир шалтгаан байхгүй.

Харин энэ нам Засгийн эрх барьж буй явдлаа ард түмнээс өгсөн томоохон үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж, иргэдэд учирч байгаа алдаа завхрал, хүнд суртал, авлигаас ангид байлгахын төлөө хичээн зүтгэх ёстой.

Энэ бүх зүйлийг зориудаар зохион байгуулж буй нэр бүхий хүмүүс бий талаар өмнө нь хэллээ. Тэдний ард эрх ашиг нь хөндөгдөж буй томоохон бизнес эрхлэгчид байгаа нь бас тодорхой байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404