Умард Солонгос ОХУ-д зэр зэвсэг огт нийлүүлээгүй, нийлүүлэх төлөвлөгөөгүй гэв
2022/11/09

Умард Солонгос улс олон тооны их бууны сумыг Украины дайнд ашиглуулах зорилгоор ОХУ-д нууцаар нийлүүлэх гэж буй тухай АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Тэгвэл Умард Солонгосын төв мэдээний агентлаг өнөөдөр үүнийг няцаасан байна.

Тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж Жон Кирбигийн өгсөн мэдээллийг “цуурхал” гэж нэрлээд Пёньян хэзээ ч ОХУ-тай зэвсгийн наймаа хийж байгаагүй, цаашдаа ч хийх төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ.

“АНУ-ын энэ алхмыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хууль бус хоригийг ашиглан олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг гутаах зорилготой дайсагнасан оролдлого юм гэж бид үзэж байна” гэж албаны эх сурвалж ярьсныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулсан байна.

Кирби мэдэгдэлдээ Умард Солонгосын дэглэм наймаагаа нуухын тулд Ойрх Дорнод, Умард Африкийн аль нэг орноор дамжуулах төлөвлөгөөтэй байж болзошгүйг дурдаж байсан юм.

Гэхдээ Пёньяны нийлүүлсэн зэвсэг Украины дайны нөхцөл байдлыг өөрчлөх нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаагаа тэр илэрхийлж байлаа.

Украины дайн эхэлснээс хойш Москва, Пёньяны эрх баригчид улам ойртон нягтрах болсон юм. Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ гэгчийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн гурав дахь улс Умард Солонгос болж байв.

Тус улс сүүлийн өдрүүдэд зэвсгийн туршилтаа эрчимжүүлж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа. 2017 оноос хойших анхны цөмийн зэвсгийн туршилтаа удахгүй зохион байгуулах өндөр магадлалтай болсныг АНУ болон түүний холбоотнууд анхааруулж байна.

 

Эх сурвалж: Aljazeera

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404