Хаваржилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээл хүргэж байна
2019/03/05

Хаваржилтын байдалтай танилцах шуурхай ажлын хэсэг өчигдөр Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймагт очжээ.

Тус аймгийн хаваржилтын байдлыг дүгнээд улсын нөөцөөс  700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэв. Мөн аймгийн Хүнс, ХАА-н газар болон зарим сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаа талаар Сангийн яам болон ЭМЯ-нд уламжлах, импортоор орж байгаа тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх талаар Засгийн газарт танилцуулахаар боллоо.

Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас Баян-Өлгий аймагт он гарснаас эхний хоёр сарын байдлаар 25 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдож, 26 гаруй мянган толгой мал хээл хаяж, аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна. Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим баг, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөхөд хүндрэл учрахаар байна. Бэлчээрийн ногооны гарц муугаас өнгөрсөн зун, намар мал тарга хүч сайн авч чадаагүй, өвөлдөө мөн тэжээлийн хомсдолд орсноос мал хорогдож буйг орон нутгийн удирдлагууд танилцууллаа.

Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд орон нутгийнхан өөрсдийн хүчээ дайчлан дунд, дундаас доош тарга хүчтэй малыг нэмэгдэл болон байнгын тэжээлд оруулж, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг бүрэн зарцуулж, аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хуваарилжээ.  

Аймгийн хэмжээнд болон зэргэлдээ аймгуудад намар хадсан хөх боодол өвс 8500-12000 төгрөг, мөс хөлдсөний дараа зундаа намаг, усан дундуур байсан шим сөл муутай боодол өвс 5800-7600 төгрөгийн үнэтэй байна. Хөрш ОХУ болон Казахстанаас импортоор оруулж ирж буй нэг уут хорголжин багсармал тэжээл 26,000 төгрөг, алслагдсан газруудад 35000 төгрөгт хүрч өсчээ. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулж ирэх талаар хэлэлцлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404