Баян Базараа, та алтаа ав, бид нутгаа авъя
2019/03/05

"Манай алтны судал танай сумын доогуур байна. сумаа нүүлгэ" гээд Баян Базараа санасандаа хүрч байсан гэдэг.  Баян Базараа ийм л  хүчтэй бас мөнгөтэй, нөлөөтэй хүн. Харин тэр бизнесийг нь дэмжсэн төрөө, эрдэс баялгаа харамгүй өгсөн нутаг орноо, өөрт нь үнэнчээр зүтгэсэн ажилчдаа хэзээ ч бодож байгаагүй. Хэвлийг нь сэндийчсэн газартаа эргээд нөхөн сэргээлт хийх, ширхэг мод тарьчих сэтгэл түүнд байхгүй. Монголын хууль ч түүнд үйлчлэхгүй. "Баян Базарын компанид ажилд орох хэрэггүй, хэдэн сар ажиллуулаад цалингаа өгөхгүй мурьж дахиад л шинэ ажилчид авчихдаг юм" гэж олон залуус ярьдаг.

Түүний хуулинд захирагддаггүй, дүрэм журам баримталдаггүй "том зан"  4 хүний амийг авч одлоо.  Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуранги болж,  нурангинд дарагдаж дөрвөн иргэний   хоёр нь одоог хүртэл олдоогүй байна. 

Осолтой холбогдуулан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм. Учир нь дахиад нуранги үүсч хүний амь эрсдэх аюул байгаа гэнэ лээ. Энэ нөхцөл байдлыг нь шинжлээд,  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргаад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар мэргэжлийн яам өнгөрсөн жил шийдвэрээ гаргасан байдаг. Гэтэл төрийн шийдвэрийг үл тоосон нэг нөхрөөс болж хайран 4 хүний амийг золиод зогсохгүй онцгойгийн олон залуусын амь насыг ч эрсдэлд оруулж байна. 

Нуранги болж уурхайчид нурангид дарагдахтай зэрэгцэн Эко Алтан Заамарынхан "Газар хөдлөлтөөс боллоо" гэсэн мэдээг маш хурдан хэвлэлээр цацуулаад амжина лээ.  Дөрвийн дөрвөн хүний амь нас шүү дээ. Гэтэл өөрсдийн буруугаас биш гэж нийтэд итгүүлэх гэж ямар хурдан сэтгэж хөдлөө вэ.  Уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоосон ч албаныхан шалтгааныг хэлэх боломжгүй гэцгээж байна. Мэдээж мөрдөн байцаалт явагдаж байгаа гэх тайлбарыг өгсөн. Гэхдээ энэ хэвээр мэдээллийг дасрхийж байгаад  хэрэг явдал намжсаны дараа дахиад үйл ажиллагаагаа явуулахыг үгүйсгэхгүй юм.

Баян Базараа ганц Заамарт биш дөрвөн газарт  лиценз эзэмшдэг.  Бусад уурхайн байдлыг Заамараар л жишээлээд харчихад болно биз. Тиймээс хуулинд захирагддаггүй, хариуцлагагүй ийм нөхдөөс өмчөө татъя.

Эцэст нь, Базар Та хангалттай баяжсан. Одоо боль.  Та алтаа ав,  бид нутгаа авъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
зочин202.9.46.18
Хууль ёсыг уландаа гишгэсэн адгийн зальт луйварчин юм биш шүү.Хуулийн хариуцлага тооцооч
9 өдрийн өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404