Хятадын Шинжлэх ухаан технологийн яам 2018 оны Хятадын шинжлэх ухааны 10 том нээлтийг тодруулжээ. Шилдэг 10-т Клоны аргаар хувилсан сармагчин, нанометрийн робот зэрэг шинжлэх ухаан, технологийн хамгийн чухал, 10 нээлт багтсан гэнэ.
Хятадын шинжлэх ухааны 10 том нээлтийг сонгон шалгаруулахдаа, нэр дэвшүүлэх, анхны болон эцсийн шалгаруулалт гэсэн 3 шат дамжлагаар шалгаруулжээ. Мөн сонгон шалгаруулалтад олон улсын 22 мэргэжилтнийг урьж оролцуулан, шинжлэх ухааны 10 том нээлтэд үнэлгээ хийлгэжээ. Хятадын шинжлэх ухааны академийн хэсэг бүлэг эрдэмтэд клон буюу хувилах аргад амжилт гаргажээ. Тэд сармагчны хоёр ижил хувилбарыг бүтээж чадсан тухай “Cell” хэмээх шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа дурджээ.
Генетикчид Долли хонийг хувилсан аргаар сармагчны яг ижил хувилбарыг гаргаж авсан байна. Энэ аргыг хүн дүрст сармагчинд хэрэглэж болохгүй гэж таамаглаж байсан боловч хятадууд өөрсдийн технологиор хувилсан нь энэ юм. Тэд клоны аргыг сайжруулахад хоёр жилийн гаруйн хугацааг зарцуулжээ. Харин одоо хүнийг хувилахад ямар ч асуудалгүй болсон гэж эрдэмтэд тэмдэглэж байгаа юм.
"Мэдээж клоны аргаар хувилах нь ойр дотныхноо болон хүүхдүүдээ алдсан хүмүүст тустай. Нас барсан хүний “ихэр”-ийг гарган авахын тулд ердөө л түүний арьсны нэг хэсэг, бас өндгөн эс хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэ аргаар хувилж гаргасан хүн амьтан ердөө 30 нас хүрэхэд л хөгширсөн байх болно" гэж эрдэмтэд ярьжээ.