Ногоон гэрлээр тендерт шалгардаг ч зээлээ төлдөггүй Гацуурт
2019/02/28

Өнгөрсөн хугацаанд Гацуурт компани төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн дэмжлэг авчээ. "Торгон үр", "Сэлэнгийн тариалан", "Скрин", "Сэлэнгэ тос" "Монгол ногоо" зэрэг өөрийн 40 гаруй охин компаниараа дамжуулж авсан тэрээр 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг,  11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-д тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхдээ НӨАТ-ын болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр Л.Чинбат хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой.

Ер нь ЖДҮДС болон ТЭДС, МХС-гуудаас  байнга их хэмжээний зээл авдаг, ногоон гэрлээр тендерт шалгардаг байгууллага бол Гацуурт компани. Гэвч авсан зээлийн эргэн төлөлт хийдэггүй гэрээний үүргээ биелүүлдэггүй нь хачирхмаар. Ийм компанид дахин дахин зээл олгосоор байдаг Сангийн удирдлагуудын үйл ажиллагаа ч хардлага төрүүлмээр.

Засгийн газрын сангуудад хийсэн шалгалтын ажлын хэсэг “Гацуурт ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулж байна" хэмээн дүгнэжээ. Тус компанитай холбоотой шалгалтаар илрүүлсэн зарим зөрчлөөс дор хүргэж байна. 

2011 онд “Махны цэвэр үүлдрийн үхрийг импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулах  тендерт “Гацуурт” ХХК шалгарч, Мал хамгаалах сангаар дамжуулан 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ингэхдээ “Гацуурт” ХХК олгосон санхүүжилтийг 6 жилд багтаан стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч үхрээр эргэн төлөхөөр тохиролцжээ

 Гэвч тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд шалгалтын дүнгээр дараах зөрчлүүд илэрсэн байна. 

  • ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”- 2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй нь 2015, 2016 онуудад гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.
  • Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11.0 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол 6 үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Үнэ тогтоох, хуваарь батлах тухай А/135 тоот тушаалаар “Гацуурт” ХХК-иас зээлийн эргэн төлбөрт 200 толгой “Ангус” үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг нэг бүрийг 5.0 сая төгрөгөөр үнэлэн хүлээн авч, үүссэн алдангийг чөлөөлсөн шийдвэр гаргажээ. Дээрхи тушаалын дагуу төсөл хэрэгжүүлэгчээс анхны гэрээнд заасан цэвэр цусны “Лимузин” үүлдрийн өсвөр насны үхэр авах заалтыг зөрчиж, “Ангус” үүлдрийн болон монгол үхэртэй эрлийзжсэн өсвөр насны үхэр болж өөрчлөгдсөн, энэ тохиолдолд үнэлгээний зөрүү гарах ёстойг мөн харгалзан үзэлгүйгээр 100 толгой хээлтүүлэгч, 100 толгой хээлтэгч нийт 200 толгой үхрийг авч 6 аймаг, Малын удмын сангийн үндэсний төв болон Мал хамгаалах санд тус тус хуваарилан 1.0 тэрбум төгрөгийн зээлийн авлагыг 2017 оны төгсгөлөөр хаасан байна.
  • Мөн 2013 онд 2.0 тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны 7 дугаар сард 52 толгой, 2018 оны 7 сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой ч, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрчээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404