"Дээлтэй монгол" наадам Сүхбаатарын талбайд эхэллээ
2022/07/09

"Дээлтэй монгол" наадам Сүхбаатарын талбайд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар эхэллээ. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож буй уг наадмын баярын жагсаалд нийслэлийн есөн дүүргийн иргэд төдийгүй Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод,  Сүхбаатар аймгийн төлөөлөл зорин ирж оролцож байна.

"Дээлтэй монгол" наадмын хөтөлбөрт үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг багтжээ. Сүхбаатарын талбайд гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэжээ.

"Дээлтэй монгол" наадамд оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулна. Ингэхдээ шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулна. Гадаад болон дотоодын шилдэг эрэгтэй, эмэгтэйг шалгаруулах аж.

Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзах бол иргэдийн хувьд  үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавих юм байна. Мөн “Дээлтэй диско” буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болно.

2019 онд тус наадамд Өвөрмонгол, Тувагаас иргэд ирж оролцож, 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3,000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404