Тува бөхчүүдийн давааг 100 мянган рублиэр үнэлэв
2022/06/22

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадамд 1024 бөх барилдана. Энэ жилийн тэгш ойн наадамд Халимаг, Тува, Буриад улсын бөхчүүд барилдах хүсэлтээ ирүүлсэн аж. Эхнээсээ ч Монголд ирж, бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа сурагтай. Тэгвэл Тувагийн бизнесмен залуус нутгийн бөхчүүдийнхээ төрийн наадмыг давааг 100 мянган рубль буюу таван сая гаруй төгрөгөөр үнэлсэн гэнэ.

Харин өвөрмонгол бөхчүүдийн тухайд энэ жилийн наадамд ирж барилдах хүсэлтэй байгаа ч цар тахлын улмаас хил гааль хаалттай байгаа учир өнжихөөр болсон аж.

Мөн  гадаад улсаас ирж буй бөхчүүдийг хэрхэн эрэмбэлэх гэсэн асуудал үүсээд буй. Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа “Үндэсний өв соёлоос гадна монгол туургатнууд наадмыг өөр өөрсдийн онцлогт тааруулан уламжлан хийж ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга дээр ч аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй. Тэгэхээр гадны бөхчүүдэд ч гэсэн нээлттэй. Нөгөөтэйгүүр ээж, аав нь Монгол Улсын иргэн боловч гадаадад төрж өссөн хүүхдүүд буцаж эх орондоо ирээд, ахуй, соёлтойгоо танилцах, үндэсний спортоороо хичээллэх хүслийг нь бид хязгаарлах боломжгүй. Магадгүй үүнийгээ бодсон ч тэр монгол туургатнууд манай улсын баяр наадамд оролцъё гэхэд бид ялгаварлан гадуурхаж болохгүй. Тодорхой хэмжээнд оролцох эрх нь нээлттэй.

Бөхийн ам авах, эрэмбийн асуудал дээр залуу бөх л гэж дуудуулах байх. Тува, Өвөрмонголдоо авсан цол нь тэр улсдаа л үйлчилнэ. Монгол Улсын баяр наадам өөрөө хуультай, бөхийн барилдаан нь тодорхой дүрэм журамтай. Залуу бөх гэсэн статустай л оролцоно гэж би харж байна” гэсэн юм.

Ямартай ч залуу бөх гэж цоллуулах тува бөхчүүд төв цэнгэлдэхэд даваа авах бүртээ 100 мянган рублиэр шагнагдах нь. Монгол мөнгөөр 5.6 сая төгрөг болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404