Монгол Улс хүнд цаг үед БНАСАУ-д сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад талархал илэрхийлэв
2022/06/22

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар Эрхэмсэг хатагтай Чой Сөн Хий томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Сайд Б.Батцэцэг БНАСАУ-д КОВИД-19 коронавируст халдвар тархсан явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, Монгол Улс, БНАСАУ нь түүхийн сорилын хүнд цаг үед бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглэв.

Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх болон олон улс, бүс нутаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

Элчин сайд О Сын Хо солонгосын ард түмний удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил, Ким Жөн Ирийн мэндэлсний 80 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Монгол Улс, БНАСАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үе үеийн удирдагчид ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдав.

Элчин сайд Монголын тал хүнд цаг үед БНАСАУ-д тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад талархал илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404