Бакула Ринбүүчигийн зурагт маркийг гүйлгээнд гаргав
2022/06/16

“Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа /2022.06.15/ Гадаад Харилцааны яаманд боллоо.

Тус үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсыг төлөөлөн Хууль зүйн сайд Кирэн Рижижу, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,  доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат зэрэг зочин оролцов.

Доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат “Бакула багш Монголын бурхан шашин ид сэргэж байсан эгзэгтэй үеэр Монголд ирж, ном ёсоор нь шашны эхийг хатгасан хүн. Би түүний хоёр хөргийг, гэгээн язгуурынх нь мөнгөн суваргыг, хүрэл баримлыг бүтээсэн. Энэ ажлыг санаачилсан хүмүүст их баярлаж байна” гэв.

“Элчин багш Бакула Ринбүүчи” номын хамтран орчуулагч Д.Буянхишиг “Элчин сайд Бакула Ринбүүчи нь монголд бурхны шашныг дэлгэрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Лам хүний дэг жаяг ямар байх ёстойг шинээр монголд нэвтрүүлсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно. Өнөөдөр ийнхүү Монгол Энэтхэгийн найрамдалт харилцааны хүрээнд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна” гэв.

Бакула Ринбүүчи 1917 оны тавдугаар сарын 19-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр Энэтхэгийн Ладак хотод язгууртны гэр бүлд төржээ. Тэрбээр бурхан багшийн шавь 16 Архадын нэг Найдан Жүдэг буюу Бакула гэгээнтний 19 дэх хувилгаан бөгөөд 10 настайдаа Төвөдийн Лхас хотын Дрепунг Лосалин хийдэд сууж 1940 онд гэвч Лхаарамба цолыг хүртсэн.

1949 онд Жамму Кашмир мужийн сайд, 1967-1977 онд Энэтхэгийн парламентын гишүүн зэрэг улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байжээ. 1989 оноос 2000 он хүртэл Энэтхэг улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан байна. Энэтхэг Монголын найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн 2001 онд МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди төрийн дээд “алтан гадас” одонгоор түүнийг шагнажээ.

Доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбатын зурсан Бакула Ринбүүчигийн зургийг зөвшөөрөлтэйгөөр ашиглан “Монгол шуудан” ХХК-аас энэхүү маркийг гүйлгээнд гаргаж байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404