Цэцгэнд дурласан залуу
2022/06/15

Цэцэгт дурласан зураач залуу “Norphei art” галерейд “Хээнцэр цэцэгс” үзэсгэлэнгээ нээмэгц гадаа дулаарчих ч шиг. Өнгө өнгийн, бараг л инээмсэглэн, нүд ирмэн урин дуудах мэт тансаг цэцэгс хэтрүүлж хэлбэл “Наашаа суугаач, танилцъя” гэх нь холгүй “мишээж” байна. Эднийг зураач Л.Давааням бүтээсэн. “Хээнцэр цэцэгс” хэмээн нэрийдсэнээр тав дахь удаагаа үзэсгэлэн гаргаж буй түүнийг мэддэг, бүр фэн нь болчихсон хүмүүс байх аж. “Цэцэгт байдаггүй өнгийг ч уран сайхны хэллэгээр төсөөлж, ургуулан бодож илэрхийлэхийг зорьдог. Энэ бол зураачийн ажил” гэж ярьж буй уран бүтээлч “Их засаг” олон улсын их сургуулийн “Од” дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуульд 2004-2009 онд суралцаж төгссөн бөгөөд тэндээ багшилдаг аж. Цэцэгсийг тун чиг зоримог өнгөөр илэрхийлэхдээ  татлан, уусган ажилладаг гэхээр. Тэрбээр “Энд байгаа цэцэгсийг бүгдийг нь энэ онд зурсан. Өмнө нь үзэгчдэд харуулж байсан нь үгүй” гэж байлаа.

Үзмэрүүдийг хар дэвсгэр дээр ягаан болон цайвар өнгө хослуулан илэрхийлсэн “Дурлал шиг асна” гэж нэрлэсэн, нэлээд томоор зурсан цэцэг манлайлж байна. Галерейн таазанд тун ойрхон харагдаж байна лээ. Зураач “Цэцгийг томоор зурж үзье, тэгэх тусмаа сонгодог фон дээр байршуулъя гэж бодсон” хэмээн тайлбарлалаа.

“Алдрын эзэн” гэдэг бүтээл байна. Хэн нэгэн, хэн нэгнээс цэцэг дөнгөж бэлгэнд авчихаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм. Л.Давааням “Амжилт, алдар, нэр хүндийг цэцэг байнга дагаж байдаг шүү дээ. Тэгэхээр хөдөлмөр, хичээл зүтгэл, бас хайр, халамж гэх зэргийг үүгээр төлөөлүүлсэн юм” гэсэн.

Туяхан, танхилхан цагаан цэцэг байна. Нэр нь “Тэр миний шалтгаан”. Ийм цэцэг зурах шалтгаан бий гэнэ. Уран бүтээлч, багш байх, олонтойгоо байх, унаж, сөхөрч болохгүй шалтгаан байдаг. Уг бүтээл энэ тухай өгүүлж буй аж. Зураачийн гэргий мөн зураач юм билээ. Магадгүй “Тэр миний шалтгаан” бүтээлийнх нь шалтгаан нь хайртай гэргий нь ч юм бил үү. Ээждээ зориулан бүтээсэн наран өөд тэмүүлэн ургаж буй гоё гэгчийн наранцэцгийн зураг байна. Зураачийн ээжийг Наранцэцэг гэдэг аж.

davaan 4444

Үзэсгэлэнгийн нээлтэд зочид олноор ирсэн юм. Тэдэн дунд Хүүхдийн элч дуучин A-Cool байсан бөгөөд зураач бүтээлээ хэрхэн төрүүлдэг талаараа харуулсан мастер класс үзүүлбэр харуулахад дуучин “Цэцэгчний хүслэн”-г дуулан дэмжиж байлаа. Зураач анд нь дуучны үүсгэн байгуулсан “Анхбаяр” сангийн үйл ажиллагааг дэмжиж, бүтээлийн орлогоосоо хандивладаг болоод уджээ. Тэд хамтарч ажилласнаар өнгөрсөн жил л гэхэд  1000 гаруй хүүхдэд бэлэг өгсөн байна.

Уран бүтээлийн реалист чиглэлийн зам мөртэй зураач 2017 оноос эхлээд “Цэцгэн зүйрлэл”, “Хатан цэцэгс”, “Хээнцэр цэцэгс-I,II,III” гэсэн үзэсгэлэн гаргажээ. Түүнээс  яагаад цэцэг зурах дуртайг нь шалгаасаар байлаа. “Цэцэг бол амь, цэцэг бол эерэг энерги, цэцэг бол бурхны нүд. Хайр дурлал, баяр, гуниг, зовлон жаргал гээд бүхий л цаг мөчид цэцэг хамт байдаг. Хүмүүс амьд цэцэгт дуртай. Би ч дуртай. Тийм болохоор дүрсэлж, урлагийн бүтээл болгож мөнхжүүлэхийг хүсдэг учраас зурдаг. Цэцгээр дамжуулж хувь уран бүтээлчийн онцлогоо яаж гаргах вэ гэж боддог. Надад, дотор байгаа мэдрэмжээ илэрхийлэхийг хичээдэг. Дэлхийд гэж яривал сонгодгууд цэцэгтэй натюрмортыг XVII, XVII зууны үеэс байж болох түвшинд нь тултал зурж ирсэн. Тэр үед ихэвчлэн ваартай цэцэг зурдаг байсан. Одоо ч зарим нь тэр янзаар бүтээсээр байдаг л даа. XXI зуунд цэцгийг вааргүй зурах нь ихэссэн. Би бас тэр чиглэлд сонирхолтой” хэмээн ярьж байлаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Урлаг, дизайны академийн тэргүүн, урлаг судлалын ухааны доктор Б.Гантулга үг хэлэхдээ “Давааням бол өөрийн хэв маягаа олсон зураач. Зурах арга барил, технологи нь ганцхан түүнийх. Үүгээрээ магадгүй дэлхийд удахгүй танигдах байх. Тэр бас их хурдан зурдаг онцлогтой” гэж ярьж байна лээ.

davaan 1

Зураач Л.Давааням хэмээх ийм нэгэн “ертөнц”-ийг нээлээ. Гэргий нь зураач гэдгийг мэдээд бүтээл туурвилаас нь харах сан гэхэд “Norphei art” галерейнхан шууд үзүүлэв.  Морьд байлаа. Гоолиг бүсгүй шандас, шөрмөс тэгш хүчирхэн морьд зурдаг байхад хань нь байгалийн үзэсгэлэнт бүтээл, хүмүүний сэтгэл дэх увдис болсон цэцэгст дурласан, дагнан зурдаг нь басхүү анхаарал татсан юм. Ийм нэгэн гэр бүлийн хос багана “Norphei art”  галерейд үзэсгэлэн нээгээд уран зураг сонирхогчдыг урин залж байна.

Л.Даваанямын яриаг сонсож байхдаа түүнийг яруу найраг сонирхдог байж магад гэж бодоод асуутал, инээмсэглэснээ өөрийн зохиосон шүлгээ уншиж өгье гэлээ.

Урландаа би

Урландаа би бүтээлийн санаа эрж

Удтал ганцаар суулаа

Уран гоё сэтгэмж сэтгэлд нэг л бууж өгсөнгүй

Гэр хорооллын давчуухан гудамж өгсөж явлаа

Гэтэл эгц өөдөөс минь

Гэзэг нь задгай монгол бүсгүйн төрх

Гартаа алгын чинээ зурвас атгачихаад

Зөрж өнгөрсөн намайг ч үл анзааран

Зөөлнөөр “Хайр” гэж шивнэлээ

Зул болон гэрэлтэхүйд

Зургийн өмнө торгон бийрийн үзүүрт амилна

Зураас таталбарын уян хөдөлгөөнд

Зуурдхан эгшиглэх тансаг аялгуу

Ергөн довтолгох унаа морьдын тургилт

Ертөнцийн битүү эгшгийг задалж зурна аа, би

Задгай анир өвсний ширхгээр урсахад

Замын уртыг эгшиглэж зурна аа

Тийм ээ, миний молверт, миний палитр,

Миний бийр мөнхөд орших урлагийн түлхүүр юм аа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404