“Вискиний дайн” өндөрлөж, Канад, Дани улсууд газар нутгийн маргаанаа эвээр шийджээ
2022/06/15

Канад, Дани улсууд өчигдөр олон жилийн өмнөөс маргаантай байсан газар нутгийн асуудлаа шийджээ.

Данийн эзэмшлийн Гринланд арал, Канадын Эллесмер арлын дунд оршдог Ханс арал нь ердөө 1.3 км.кв хэмжээтэй.Цас мөсөөр хучигдсан, хүн амьдардаггүй уг арал нь өчүүхэн жижиг ч дэлхийн дулаарлын улмаас Умард Туйлын бүс нутгийн стратегийн ач холбогдол нэмэгдэж байгаа энэ үед чухал газар нутагт тооцогдож байгаа.1973 оноос хойш хоёр улсын хооронд Ханс арлыг тойрсон газар нутгийн маргаан эхэлсэн юм.

1984 онд Канадын тал уг арал дээр далбаагаа босгож, өөрийн үйлдвэрийн лонх виски үлдээж байжээ. Хариуд нь Данийн засгийн газрын Гринландын хэргийг хариуцсан сайд Ханс аралд ирэхдээ далбаагаа босгож, “Данийн аралд тавтай морил” гэсэн бичигтэй лонх архи үлдээсэн байна. Энэ үйлдэл нь цаашдаа уламжлал болж, газар нутгийн маргааныг “вискиний дайн” хэмээн нэрлэх болжээ.

Ханс арал дээр хилийн шугамаа тогтоосон Канад, Данийн гадаад хэргийн сайд нар өчигдөр бас харилцан нэг нэг лонх хатуу дарсыг зурвастай солилцсон байна.“Үүнийг олон хүмүүс вискиний дайн гэж нэрлэдэг. Миний бодлоор энэ бол бүх дайнаас хамгийн найрсаг нь” гэж Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли өчигдөр Оттава хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Украинд дайн өрнөж буй энэ хүнд цаг үед олон улсын дэг журам алс хол туйлын бүс нутагт ч хэрэгждэгийг энэ үйл явдал батлан харуулж буйг Данийн гадаад хэргийн сайд Йеппе Кофод онцолсон байна.“Эсрэгээрээ удаан үргэлжилсэн газар нутгийн маргааныг хэрхэн эвээр шийдэж болдгийг бид батлан харууллаа” гэж хэлсэн Кофод бусад улс орнуудыг ч бас уг жишгийг дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Канад улс Европтой хуурай газраар хил залгадаг болсон тул Европын Холбоонд нэгдэх боломжтойг тэр энэ үеэр хошигнон хэлсэн байна.Канадын гадаад хэргийн сайд бас өөрийнх нь дуучин Евровижн наадамд оролцох боломжтой болсныг мэдэгдсэн нь мөн наргиа байжээ.

 

Эх сурвалж: AFP

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404