Д.Мөнх-Эрдэнэ: Хотын удирдлага Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафитай тууштай тэмцэнэ
2022/06/13

Хотын даргын шийдвэрээр Дугуйны цагаанд байрлах шавар гэрүүдийг албадан буулгасан нь газар ашиглагч, цагдаа нарын хооронд зөрчил үүсгэлээ. Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ  “Богд уулын ногоон бүс рүү нэвтрэх орц, гарцыг эксковатораар хаасан нөхцөл байдал үүссэн. Иргэдээс ирсэн гомдол саналыг дагуу очиж, техникийн зайлуулсан. Даварсан, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд манай холбогдох байгууллагууд үйл ажиллагаа явуулсан.

Энигма, МҮИС-тай холбоотой байгууллагууд Зайсангийн амны нийт 435 га талбайн 10 хүрэхгүй хувь буюу 38.2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигч, өмчлөгчөөс зөвшөөрсөн хүрээнд газрыг ашиглах ёстой. Тэнд барилга барьж болохгүй, зөвхөн судалгааны шинжилгээний зориулалтаар түр хүн байрлуулж болдог. Судалгаа шинжилгээ явагддаг биш тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүдийг цуглуулж буруу зүйл хийлгэдэг ноцтой зөрчил гаргадаг газар болсон. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчлийг арилгаж, албадан буулгах ажиллагаа явагдсан.

Энигма компани удаа дараа хууль зөрчиж байгаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд дөрвөн барилгын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж сурсан байна. Танил тал, улстөрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр давсаар сурсан байна. Хууль зөрчдөг газрын мафитай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж, хамгаалдаг улстөрчидтай хатуу тэмцэнэ.

Улаанбаатарын газрыг 2004 оноос зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэлийн удирдлага тэмцэнэ. Гар хөл нь болсон хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна.

Зөвхөн газрын төлбөрт тэрбум гаруй төгрөгийн зөрчилтэй байна. Хууль бус үйлдлийг нь өмгөөлж, хамгаалдаг улстөрчдөд хэлье. Хот дахиж та нарт дээрэлхүүлэхгүй, та нартай тууштай тэмцэнэ. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авна.

Хуулиа биелүүлдэг, нийтийн эрх ашгийг мэддэг иргэд, ААН-үүд нийслэлийн бодлогыг дэмжиж байгаа. Харин хуулийн дээгүүр давдаг, хууль зөрчдөг, улстөрчдийн гар хөл болдог Энигма компани, МҮИС-ийн нөхөд шиг нь есөн зүйлээр эсэргүүцэж, хотын үйл ажиллагааг харлуулж, буруу мэдээлэл түгээж байна" хэмээн шавар гэрүүдийг буулгаж, газар чөлөөлсөн ажиллагаа хуулийн хүрээнд явагдсаныг хэллээ. Мөн тэрбээр цаашид ч боломжит бүх газрыг чөлөөлж, нийслэлчүүддээ зориулан тохижуулна гэдгээ хэлэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404