Энэ сард болох урлаг, соёлын үйл ажиллагааны НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2022/06/08

Зургаадугаар сард болох урлаг, соёлын үйл ажиллагаануудыг танилцуулж байна.

ХӨСӨГТӨН ХАМТЛАГИЙН “ЖАНГАР” ЦОМГИЙН ТОГЛОЛТ

Хөсөгтөн хамтлагийн “Жангар” цомгийн тоглолт Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрт зургаадугаар сарын 8-ны 19.00 цагт болно. 2 цаг үргэлжлэх уг тоглолтын тасалбарын үнэ 80-120 мянган төгрөг байна.


DANCE WITH ME ТОГЛОЛТ

Дуучин Укагийн "Dance with me" тоглолт "Мөсөн өргөө" буюу "Steppe Arena"-д энэ сарын 10, 11-нд болно. Дуучин Ука "Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу хөгжмөө шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд та нартайгаа жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна" хэмээжээ. Түүний тоглолтын тасалбар 49-129 мянган төгрөгийн үнэтэй байна.


"ГЭМ ЗЭМ" ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

Соёлын төв өргөөнд зургаадугаар сарын 9, 10-нд "Гэм зэм" постдрамын жүжгийг хоёр удаа тоглоно. 3 цаг үргэлжлэх уг жүжгийн тасалбарын үнэ 30-100 мянган төгрөгийн хооронд байна.


ЛЕВ ТОЛСТОЙ "АННА КАРЕНИНА" СОНГОДОГ ЖҮЖИГ

Оросын алдарт зохиолч Лев Толстой "Анна Каренина" сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрт зургаадугаар сарын 9, 10, 12-нд тоглоно. Уг жүжгийн зохиолыг дэлхийн олон оронд орчуулан хүргэж, жүжиг, кино зэрэг урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгддэг сонгодог бүтээл юм.


"ГООЛИНГОО" РОК МЮЗИКЛ

"Гоолингоо" рок мюзиклийг Улаанбаатар театрын тайзнаа зургаадугаар сарын 10-ны 15:00 цагаас тоглоно. 90 минут үргэлжлэх тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг байна. Сүхбаатар аймгийн жаахан шарга театрын бүтээл уг мюзиклийн хөгжмийн зохиолчоор МУСТА Б.Мөнхжаргал, найруулагчаар МУСТА З.Далай нар ажиллажээ.


"ЛАМБУГАЙН НУЛИМС" ДУУРЬ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Ламбугайн нулимс" дуурийг зургаадугаар сарын 11, 12-ны 17:00 цагаас тоглоно. 100 минут үргэлжлэх уг дуурийн тасалбар 10-40 мянган төгрөгийн хооронд байна. Их зохиолч Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэсэн энэ дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг ТШ Х.Билэгжаргал зохиосон байна.


СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 65 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зургаадугаар сарын 16-ны 19.:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. 120 минут үргэлжлэх уг тоглолтын үнэ 30-50 мянган төгрөг байна. Уг тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Ерөнхий удирдаач, СТА Д.Нямдаш, удирдаач СТА Б.Батбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин, МУГЖ Э.Анхбаяр нар оролцоно.


Ж.МЭНД-АМАР "ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ" БАЛЕТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургаадугаар сарын 18, 19-ний 17:00 цагт тоглоно. 90 минут үргэлжлэх уг тоглолтын тасалбар 10-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгээс сэдэвлэн балетмейстер Б.Жамъяандагва "Үйлийн гурван толгой" хэмээх гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжгийг дэглэн тавьж, 1987 оны гуравдугаар сарын 28-нд нээлтээ хийж байв.


"УРАН ХАС" КОНТЕМПРАРИ БАЛЕТ

"Уран хас" контемпрари балетийг зургаадугаар сарын 22, 23-нд Корпрэйт конвеншион центрт 18:30 цагаас тоглоно. 60 минут үргэлжлэх балетийн тоглолтын тасалбар 40-80 мянган төгрөгийн хооронд байна. Уг орчин үеийн, контемпрари балетийн гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зүйтэй гэсэн санааг нийгэмд түгээх юм.


"LA LA LAND" МЮЗИКЛ

АНУ-ын найруулагч, продюсер Дэмьен Шазелийн 2016 онд бүтээсэн Оскарын шагналт "La La Land" мюзикл киноноос сэдэвлэн уг киноны хөгжмийг шинэчлэн найруулж балет, медиа арт, холограм, драм хосолсон бүтээлийг туурвижээ. Уг бүтээлийг Корпрэйт конвеншион центрт зургаадугаар сарын 25, 26-ны 16:00, 19:30 цагаас үзэгчдэд хүргэнэ. 90 минут үргэлжлэх тоглолтын тасалбарын үнэ 100-150 мянган төгрөгийн үнэтэй байна.


Б.ДАМДИНСҮРЭН "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" ДУУРЬ

Уг дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зургаадугаар сарын 25, 26-ны 17:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 10-40 мянган төгрөг байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404