ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг шалгаж байна
2022/06/04

ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг шалгаж байна Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн өмчид шилжээд байсан “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн хувьчлалтай холбоотой асуудлыг АТГ-ынхан шалгаж буй. Түүний хамаарал бүхий “Кью эс си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т уул уурхайн металлургийн цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан.

Харин “Хөтөл” компани нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тус цементийн үйлдвэрлэлийг жилд нэг сая тонн хүртэл өргөтгөх, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банкнаас авсан зээлүүд нь чанаргүй ангилалд орчихоод буйтай холбоотойгоор “Бейзмент”, “Кью эс си” ХХК-ийнхан, ТУЗ-ийн гишүүд, үүсгэн байгуулагч, удирдлагыг нь шалгаж эхэлсэн.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудалд ч энэ хэрэг нэгтгэгдэж буй гэхэд хилсдэхгүй. Эдгээр хэргийг шалгах явцад Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны даргаар ажиллаж байсан Дуламын Сугар, Цагааны Нанзаддорж нарыг шалгаж буй юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтныг “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийг хувьчлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад буюу “Бейзмент”, “Кью эс си” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ТӨХ-ны дарга байсан Д.Сугарын шийдвэрүүд бусдад илт давуу байдал олгосон нь тодорхой болсон учраас яллагдагчаар татсан аж. Харин ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Ц.Нанзаддоржийг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад АТГ-ынхан хүргүүлсэн гэнэ. Гэвч түүний бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй аж.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд тээг болж байгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404