УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр бүртгэнэ
2019/02/21

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж  үг хэлэхдээ "УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно.  Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна хэмээн дурдсан. Тэрээр "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийг 2007 онд батлан хэрэгжүүлснээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага дээшилсээр ирсэн. Үүний бодит жишээ бол ирэх дөрөвдүгээр сарын 05-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх болсон" гэлээ. Мөн гишүүдийн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх асуудлыг хуульчилсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404