Чуулган: 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
2022/05/27

МОНГОЛД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХ ЮМ УУ?

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарлаж болдоггүй юм уу? Өгсөөр байгаад дууслаа шүү дээ. Цацрагийн үүсгүүрийг угсарна, байрлуулна, задлана, хадаглана гэж зааж болох юм уу? Цөмийн бодис тээвэрлэнэ, булшлана гэж. Ингэж болох юм уу? Цөмийн хог хаягдал булшлах юм уу? Энэ бүхнийг та нар зөвшөөрч байгаа юм уу? Хуулиараа эрхээ авчихаад, байгаль орчин, амьдрах орноо сүйтгээд байж болох юм уу, Монгол Улс цөмийн хаягдал булшлах юм уу? Яагаад ийм юмнууд та нар оруулж ирж байгаа юм бэ? Соёлын өв хадгалсан, ээж аавынхаа өтөг бууц дээр очих аргагүй боллоо шүү дээ. Бүгдийг нь патентжуулаад дууслаа. Гадныхан бүх газрыг аваад дуусах нь. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: 

-Цацрагийн үүсгүүрийн асуудал өдөр тутам л байна. Рентенээс эхлээд энэ харилцаа Цөмийн энергийн хуулиараа явж байна. Зөвшөөрлийн хуулиар эрх ашгийн эрэмбүүдийг тэнцвэржүүлье л гэж үзэж байгаа юм. Таны ярьж байгаа зүйлс Ашигт малтмалын хуулиар илүү тодорхой болох байх. Засгийн газраас энэ хуулийн төслийг удахгүй өргөн барихаар ажиллаж байна гэдгийг дуулгая. 

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭГТГЭСЭН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүн Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулахдаа "Нийт 914 зөвшөөрлийг 448 болгохоор оруулж ирснийг ажлын хэсэг 377 болгон бууруулж байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Мансууруулах ургамлаар эм хийхийг зөвшөөрч байна гэж ойлголоо. Урд нь би энэ талаар нэлээн олон удаа ярьсан. Монголын эмийн компаниуд өндөр үнэтэй, чанар муутай эмээ худалдан борлуулахын тулд зориуд өөрийн өрсөлдөгчийн эмийг мансууруулах бодисын төрөлд оруулдаг, ийм сүлжээ байгаа юм билээ. Энэ дээр ямар хяналт байна вэ? 

-Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага олгохоор байна. Хууль зүй, дотоод хэргийн яам олгодог баймаар байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Х.ГАНХУЯГ: 

-Эрүүлм эндийн салбарын төлөөлөл байвал тодрхой хариулт өгчихмөөр байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хувийн хамгаалалтын зөвшөөрөл олгомооргүй байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Дахин энэ талаар ярилцах боломж бий. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: 

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой асуудал ерөнхий зүйлээр явдаг. Тухайлсан эмийг нийтийн хэрэглээнд оруулахад эмийн бүртгэлтэй холбоотой маш их асуудал бий. Маш их хэмжээний шүүмжлэл гардаг. Засгийн газраас өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд энэ талаар нарийвчлан тусгаж, анхаарч ажиллая.  

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Х.ГАНХУЯГ: 

-Сүхбаатарын талбай дээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж зайлшгүй зөвшөөрөл авах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Миний мэдэхийн 2012 оноос хойш л Зөвшөөрлийн тухай хуулийг ярилаа. Яагаад батлагдахгүй өнөөдөр хүрснийг нэг сонсчихъё. 1000 гаруй зөвшөөрөл байсныг 400 орчим болгож байгаа юм байна. Нэмж зөвшөөрөл өгөхгүй байж чадах уу? 200 гаруй мянган төрийн албан хаагч байна. Нэг нам олонх болсноос хойш төрийн албан хаагчдын тоо маш их өссөн. Төрийн албан хаагчдын цалин маш бага. Хажуугаар нь зөвшөөрөл өгч байж санхүүждэг юм болов уу гэж бодож байна. Зөвшөөрөл өгч байгаа хүн дараа нь хариуцлагаа хүлээх үү? Улаанбаатарын шинэ замыг ашиглалтад ороогүй байхад нээчихлээ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Дарханы замын 200-хан км-ыг ашиглалтад орох гээд бараг 10-аад жил боллоо гэж дэлхийгээр нэг ярьж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Х.ГАНХУЯГ: 

-Ажлыг хэсэг 2021 оны тавдугаар сарын 21-нд байгуулагдсан. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд зөвшөөрлийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хуулийг авч үзсэн. Нарийвчилсан нь 40 гаруй хууль бий. Зөвшөөрлийн жагсаалт, хариуцах нэр бүхий албан тушаалтан нь тодорхой болно. Зөвшөөрөл авах процессын харилцааг зохицуулна. Зарим нь салбарын хуулийн дагуу нарийн зохицуулалт шаардагдана. Засгийн газарт энэ хуультай холбоотой нарийвчлан зохицуулалт хийх шаардлагатайг тавина. 

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР: 

-Ерөнхий сайдын дэргэд Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллана. Хуулиар хориглоогүй бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн зарчим үйлчилнэ. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Авлига, хээл хахууль бизнесийнхэнд маш их саад учруулж байна. Бид тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх ёстой. Ялангуяа шаардлагагүй зөвшөөрлийн тоог бууруулмаар байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнээр архидан согтууруулах ундаа шимийн архи үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах асуудал байж болохгүй гэж бодож байна. Энэ бол мал аж ахуйн үйлдвэрлэгч нар, аж ахуй эрхлэгч нартай холбоотой асуудал. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Х.ГАНХУЯГ: 

-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар өргөс авчих мэт хандаж болохгүй. Өрхийн хэрэглээний асуудал дээр тийм юм байхгүй. Сунгалттай холбоотой асуудлыг нэлээн нарийн, зөвшөөрөл хүсэгчдэд ээлтэй байдлаар оруулсан. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Би их тодорхой зүйл асуугаад байна. Шимийн архи үйлдвэрлэхэд заавал тусгай зөвшөөрөл шаардагдах гээд байгаа юм. Бичил худалдаа эрхлэгч, бичил үйлдвэрлэгчид, хувь хүний орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр зохицуулах боломж бололцоо нээгдэх ёстой.  

НЭГДСЭН ТӨСВИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.05.27/-ийн нэгдсэн хуралдаан  10.00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан үг хэллээ. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд УИХ ажиллах ёстой талаар байр, сууриа илэрхийлэв.

Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болсон. Тус бүлэг энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналд нэгджээ.

Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.

Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна.

Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигх тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 31 нь дэмжиж, 66 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийг хууль санаачлагчид буцаалаа. 

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалаа. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн  нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлахыг 39 гишүүн дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. 

Хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг 40 гишүүн дэмжиж, эцэслэн батлагдлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэн баталсан хуулийн төсөл, тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэллээ. 

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР 5 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн ээлжит чуулган /2022.05.27/ -аар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404