Усны хор арилаагүй
2022/05/24

Амралтын өдрөөр дунд сургуулийн хэдэн хөвгүүд Туулын усанд шумбацгааж байна. Хэдийгээр “усны хор арилаагүй дээ” хэмээн бодсон ч энэ бодлоо тэдэнд хэлж зүрхэлсэнгүй. Хот газрын хүүхдүүд ойлгохгүй байж ч мэднэ. Ойлгох байлаа ч тэдний гэнэн томоогүй, цагаан цайлган, аз жаргалтай байгааг нь хараад хэлж зүрхэлсэнгүй.

Тэгээд охиноо нүднийхээ булангаар нэг хянаж, тэдний шумбахыг харж суухдаа бодсон чинь усны хор арилаагүй байхад голын усанд орохоор чухам яадгийг би өөрөө ч одоо болтол мэдэхгүй ажээ. Хүүхэд байхад хаврын сүүл, зуны эхэн сар гарахтай зэрэгцээд л томчууд ийн хэлж анхааруулдагсан. Харин хаа нэг яагаад хэмээн асуухаар “болдоггүй юм” гэсэн л хариулт сонсож өсчээ.

Тиймээс л болдоггүй учраас бид тэвчээртэйгээр өнөөх нь хор нь арилахыг хичээнгүйлэн хүлээдэг сэн. Тэнгэр дуугарахаар усны хор арилдаг гэж томчууд хэлэх бөгөөд хэсэг бусагхан бороо орсон ч ийм л өдрүүдэд хяссан юм шиг тэнгэр дуугарахгүй. Харин тэнгэр дуугарч, бороо зүсрэн ордог болсон хойно бидний хэдэн жаалууд хонио Эгийн голын салаа руу оруулж, бүрэн хашиж аваад өдөржин сэлнэ дээ. Эрэг дээрээс нь өөхөн цагаан чулуу шидэн түүнээгээ олж, хэн нь хол шумбахаа үзэж, хонь ямаа нарийн хөлөөрөө хэрхэн самардахыг харах гэж голоор нааш цааш туун дэггүйтэж, нэг нэгнээ голын ус руу шидэж тоглоно. Энэ бүрийнхээ ард мэдээж байнгын банга хүртэнэ.

Одоо бодохнээ, хүүхэд биднийгээ хаврын үер усны аюулаас хамгаалах гэсэн өвгөдийн их ухаан байж мэднэ. Эс бөгөөс үнэхээр ус хордчихдог бөгөөд түүнийг нь тэнгэр дуугарч үлдэн хөөдөг ч байж мэдэх шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404