Хууль зүйн сайдын үндэслэлээр Ц.Элбэгдоржид хэрэг үүсгэхээс өөр аргагүй
2022/05/14

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн барилга байгууламжийн шав тавих ёслолд оролцож, салбарын сайдын хувьд хэд хэдэн асуудал шийдээд ирснээ мэдээлж байв. Тэрбээр ийн явахдаа урьдын адил нисдэг тэрэг хөлөглөсөн бололтой.

Тиймээс Х.Нямбаатар сайдыг зөвхөн шав тавихын төлөө онгоц хөлөглөж, төсөв зардал үрсэн мэтээр шүүмжилж улстөржүүлсэн.

Үүний хариуд тэрбээр “Чиний эзэн шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалж, Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэхдээ пулемёнтоор ан амьтан хядаагүй, ажлаа хийгээд ирсэн” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдан жиргэжээ. Сайдын жиргээ болон бусад эх сурвалжаас нягтлан үзэхэд Азаргын голд шалдан хүүхэнтэй зугаалж, Нөмрөг, Минжийн хангайд пулемёнтоор амьтан хядсан “эзэн” нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бололтой. Олон талын эх сурвалжууд Ерөнхийлөгч асныг хэмээн хэлж байна.

Энэ нь жирийн нэг иргэний жиргээ биш. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын жиргээ учраас баталгаажуулах, баримт нотолгоо шаардах ч хэрэг алга. Тэгэхээр “Хэрэг 1000 жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ, Ц.Элбэгдоржийг зөвхөн дархан цаазат бүсэд ан амьтан олноор хядсан гэх үндэслэлээр шалгах хэрэгтэй. Тэр тусмаа бүр пулемёнт гэх цэрэг дайны зориулалттай хүчтэй зэвсгээр дархан цаазтай газар хориотой ан амьтан шүршиж явсан гэдгийг хэлнэ лээ. Эрүүгийн хуулийг сөхөж харвал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 178 хуудас материалтай материалгүй тэр дээлээ нөмрөхөөр хэрэг өдүүлсэн нь харагдана.

Тодотговол, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиодолд Эрүүгийн хуулийн тусгай ангиад зааснаар 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мөн “Нэн ховор амьтныг агнасан бол арван мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ” хэмээжээ. Мөн дээр нь зугаалж амрах замаар цэргийн зэр зэвсэг ашигласан гэх зүйл анги ч нэмэгдэнэ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд өдгөө ч шүүх, прокурорын хяналтад байгааг мэдээлж байсан, тэгэхээр түүний хавтаст хэрэг дархан цаазат газарт хориотой ан хийсэн, цэргийн зэр зэвсэг ашигласан гэх зүйл ангиар зузаарах юм байна. Хамгийн аюултай нь тухайн үед цэрэг дайны зэвсэг болох пулемёнт гаргасан цэргийн эрх мэдэлтэн, бусад хүн түүний хөлд чирэгдэж таарна. Салбарынх нь бэлэн мэдээлэл, баримт өгч байгаа энэ үед хууль, хяналтынхан шалгаж тогтоох биз ээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404