Х.Нямбаатар: Эрүүл шүүмжлэл гэдэг доромжлох гэмт хэрэг биш
2022/05/08

Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байгаа аж. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдүүдийн зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлага бий болгож байгаа гэнэ.

УИХ-аас өнгөрсөн онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж, 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор төлөгдсөн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцоллоо.

Чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүний дараагаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас дараах тодруулгыг авлаа. Тэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд бүхэлд нь цахимжуулж байгаа” хэмээн тодотгосон юм.

-Торгуулиа цаг тухайд нь төлвөл хөнгөлөлт үзүүлэх аргачлалыг ямар шалтгаанаар оруулж ирсэн юм бэ?

-Судалгаа гаргаад үзэхээр сүүлийн 20, 30 жил ч торгуулиа төлөөгүй жолооч нар байна. Ерөөсөө хуульгүй, дүрэмгүй амьдарч байна. Монгол Улсын Үндсэн хуулиар гэмт хэрэг хийсэн бол эрх чөлөөг нь хязгаарладаг. Гэтэл яагаад зөрчил гаргачихаад торгууль, шийтгэлээ төлөхгүй яваад байгаа юм. Зарим нь амьдралдаа огт хууль зөрчихгүй байж болдог. Зарим нь ширэнгэн ойд амьдарч байгаа мэт байгаад байгааг таслан зогсоох ёстой. Гадаадын аль ч улсад торгуулиа төлөхгүй явж чадахгүй. Тийм болохоор бид энэ гаднын жишиг рүү дөхөж очихыг хүсэж байна.

-Чуулганы хуралдаан дээр зарим гишүүд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд сануулаад өнгөрөх нь хэр зохистой вэ гэж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ер нь бүх зүйл дээр хүнийг баривчлаад, торгоод, эрүүжүүлж болохгүй. Тухайн хүний эрх зүйн эсрэг үйлдлийнх нь нийгэмд учруулж байгаа хор, аюулынх нь шинж чанарыг харгалзах ёстой. Жишээлбэл, ТҮЦ ажиллуулдаг нэг хүн цахилгаан тамхийг хүүхдэд зарсных нь төлөө шууд баривчилж болохгүй. Харин эхний удаад сануулж, бүртгэлжүүлэх хэрэгтэй. Харин давтан үйлдээд байвал торгох, дараагийн шийтгэлүүдийг авах болно.

-Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сошиал орчинтой холбоотой ямар заалтууд орж байгаа вэ?

-Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах тусдаа хуулийн төслийг боловсруулж байгаа. Ингэхдээ Герман улсад батлагдсан хуулийг жишиг болгож байна. Удахгүй танилцуулна.

-Доромжлох гэдгийг Эрүүгийн хуулиар шийдэх болсон нь шүүмжлэл дагуулж байна?

-Манай улсын Эрүүгийн хуульд сүүлийн 90-ээд жил доромжлох гэсэн зүйл анги байсаар ирсэн. Харин 2017 оны долоодугаар сарын 11-нд энэ зүйл ангийг байхгүй болгосон. Гэхдээ эрүүл шүүмжлэл гэдэг бол доромжлох гэмт хэрэг биш. Энд хэн нэгнийг элэглэх нь доромжлох биш юм. Харин доромжлох бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа ноцтой үйлдлүүд хэлдэг. Хүний зурган дээр шээж байгаа үйлдэл гаргаж байгаа нь өөрөө байж боломжгүй зүйл. Хүүхдийн дэргэд бусдыг байж боломгүй бүхий л үг хэлээр доромжилдгийг таслан зогсоох ёстой. Дээрээс нь сэтгүүлчид доромжлох гэдэг зүйл ангиар шалгагдах ямар ч үндэслэл байхгүй. Бусдыг эрүүлээр шүүмжилж, хардах эрхээ эдлэх нь доромжлох биш гэдгийг хэлмээр байна. 

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404