Тедди Ринер: Дайчин чанартай монголчуудын үндэсний бөхөөр бэлтгэл хийж үзнэ
2022/05/05

Жүдо бөхийн хамгийн хүнд жинд олимпын хошой алт, хошой хүрэл медальтай, дэлхийн есөн удаагийн аварга домогт Тедди Ринер Монголд ирсэн.Өдгөө 33 настай, Францын шигшээ багийн тамирчин тэрээр Монголд хоёр дахь удаа ирсэн нь энэ бөгөөд хувийн дасгалжуулагч, эмч, туслахын хамтаар бэлтгэл хийж байна.Түүний Монголд ирсэн шалтгаан, Парис 2024 олимпоос хүлээж буй үр дүн, зодог тайлсны дараах зорилго зэргийн талаар товч ярилцлаа.

-Таны хувьд энэ жилийн хамтарсан бэлтгэлээ Бразил улсаас эхэлж хэвтээ барилдаанд бэлдсэн. Энэ удаа Монголд ямар шалтгаанаар ирсэн бэ?
-Парис 2024 олимпын бэлтгэлээ Бразилаас эхэлсэн. Монголд хоёр дахь бэлтгэлээ хийхээр ирсэн бөгөөд хүмүүс нь их найрсаг байдагт дуртай. Мөн энд бэлтгэлийн танхимууд нь тухтай, тамирчид нь чанартай барилдаан хийдэг учраас зорьж ирсэн.Монголчууд цээж барилдаандаа сайн. Түрүүлж мэх хийдэг тулаанч чанартай. Багш, дасгалжуулагчдын заах арга зүй нь ч сайн.

-Зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох Улаанбаатарын их дуулгад оролцох уу?
-Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох санал тавьсан ч би хараахан шийдвэр гаргаагүй байна. Намайг урьж, хүлээж авсан Монголын жүдо бөхийн холбоо, түүний ерөнхийлөгчид баярлаж буй. Гэхдээ бэлтгэл маань хэвийн байвал оролцох эхний тэмцээн Будапештын их дуулга байх болов уу гэж харж байна.Түүний дараагаар Парисын олимпоос өмнө нэг Европ болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцоно.

-Улаанбаатарт ирж бэлтгэл хийгээд хэд хонолоо. Монгол жүдочдоос суралцах зүйл юу байна?
-Гурав хоног бэлтгэл хийхэд Монголчуудын дайчин чанарыг харлаа. Хэдий бэлтгэл ч гэсэн үнэ сэтгэлээсээ барилддаг. Миний хувьд эрчимтэй бэлтгэл, тулааны дайчин байдлаа эргүүлэн олж авахыг хүсэж байгаа учраас суралцах зүйл нь тэр байна. Харин техник, мэхний тал дээр энэ удаад төдийлөн анхаарахгүй.

-Парисын олимпод таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ? Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Нэр цохож хэлэх шаардлагагүй сайн тамирчид олон бий. Хэрвээ би түрүүлэхгүй гэж бодсон бол ингээд бэлтгэл хийж байхгүй. Тиймээс өөртөө бүрэн итгэлтэй байна.

-Олон жил өндөр түвшинд барилдаж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн нууц нь юу вэ?
-Нууц гэх зүйл байхгүй. Гол нь толгойгоо ажиллуулах хэрэгтэй.Дасгалжуулагчийн хамт

-2024 оны Парисын олимпын дараа зодог тайлах уу? Тийм бол зодог тайлаад юу хийх вэ?
-Парис миний сүүлийн олимп байх болно. Олимпын дараа гэр бүлдээ бүхнээ зориулна. Амжилтад хүрэхийн төлөө зарцуулж байсан бүхий л цаг хугацаа, сэтгэлээ гэр бүлдээ зарцуулна. Замналаа дуусгаад үргэлжлүүлэх бизнесээ эхлүүлчихсэн. Олон улсын жүдо бөхийн холбооноос батлуулсан өөрийнхөө брендийн кимоног (жүдоги) өмсөж байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ? Тэднийгээ жүдогоор хичээллүүлэх үү?
-Нэг охин, нэг хүүтэй. Тэд маань аль хэдийн жүдогоор хичээллээд эхэлсэн.

Хамтарсан бэлтгэл дуусахад тав хоног үлдсэн бөгөөд энэ хугацаанд үндэсний бөхөөр бэлтгэл хийж үзнэ гэж түүний орчуулагч хэлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404