"ПАРЛАМЕНТ ХУЛГАЙ ХИЙСЭН ГИШҮҮДЭЭ АВЧ ҮЛДСЭН НЬ БУРУУ”
2022/05/05

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-ХҮН нэрээ өөрчилж, баруун төвийн үзэл баримтлал руу шилжсэн гэдгээ зарлалаа. Шалтгаан нь юу байв?

-Баруун төвийн буюу хүний эрх эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөө ардчиллыг бэхжүүлэх шударга ёсыг тогтоох, иргэд рүү хандсан, эдийн засгийн бодлогын асуудлыг өмнө тавьсан улс төрийн хүчин боллоо. ХҮН-ын шат шатны байгууллагын хурал болсон. Сарын хугацаанд намын гишүүдээс цахимаар санал авч, зарим нь  биечлэн уулзсан. Үр дүнд нь аливаа улс төрийн хүчний хувьд ардчилсан зарчмаар намын гишүүдээс ирсэн саналын дагуу бид том төрийг биш, жижиг эдийн засгаа дэмжсэн, бизнесүүдэд ээлтэй бодлого явуулсан дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, иргэдийн бодит орлогыг өсгөх бодлого маш чухал байна.

-Баруун төвийн үзэл баримтлалтай боллоо гээд шууд болчихгүй байх л даа. Гишүүдээсээ асууж үзэв үү?

Үзэл баримтлалаа өөрчилж буй шалтгаан нь өнөөдрийн нийгэмд том төрийг хязгаарлах улс төрийн хүчин байхгүй болсон байна. Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд бизнесийг дэмжсэн, барууны гэж яриад буй бодлого үзэл санаан дээр хатуу зогсдог нам байхгүй байна. Байгаа намууд халамжаар өрсөлдөж, зүүний бодлого явуулаад байгаа. Үр дүнд нь төр томорч авлига өсч байна. Нэг жишээ хэлэхэд 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 15 дахин өссөн бол Монгол Улсын төр 55 хувиар өссөн. Ингээд өсөөд байвал бид 30 жилийн өмнөх том төртэй, төр гэдэг ажил олгогчтой, ардчилал, эрх чөлөөгүй нийгэм рүү буцаад шилжих гэж байна. Тэгэхээр хүчний тэнцвэрийг хангах, иргэдийнхээ төлөө, бизнесээ дэмжсэн улс төрийн хүчин байх нь зүйтэй гэсэн саналыг олон хүн гаргасан. Хурлаа бид маш урт хугацаанд үргэлжлүүлсэн. Үзэл санаан дээрээ ч удаан ярьсан. Үр дүнд нь гишүүдийн дийлэнхийн саналаар уг шийдвэрийг гаргасан. Тиймээс үзэл санаан дээрээ нэгдэж шууд ажилдаа ороод явж байна.

-Өөрсдөө хэмнэ, үгүй бол тар гэдэг жагсаал хийх гэж байна. Жагсаалаас хүлээх хүлээлт юу байна вэ. Залуус төв талбайд жагсч, шаардлага хүргүүлсэн ч төр шаардлагыг эсрэгээр нь биелүүлчих шиг боллоо?

 -Нэгдүгээрт, залуусын жагсаал бодитой, хүчтэй байсан. Залуус, иргэд хариуцлага нэхэж байхад парламент дорвитой өөрчлөлтийг хийх байх гэсэн хүлээлттэй байлаа. Тухайлбал, төрийг жижиглэж, данхайсан том зардлыг хэмнэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь чуулган дээр тийм зүйл болоогүй. Эсрэгээрээ төсвөө тодотгоё гэж байхад гишүүд тойрог дээрээ төсвөө нэмэх боломжийг хайсан. Тийм болохоор УИХ-ын чуулганы хуралдааныг орхисон. Залуусын итгэл найдварыг бид үл тоож болохгүй. УИХ-ын гишүүний хувьд хариуцлагатай байх ёстой гэж үзээд залуусынхаа тэмцлийг үргэлжлүүлж “өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн агуулгаар жагсаал хийх гэж байна. Гол зорилго нь тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлагыг тавина. Үндсэн хууль, УИХ яаралтай өөрчлөлтөө хийж дутуу орхисон тогтолцооны зөв заалтуудыг яаралтай нэмж оруулах хэрэгтэй. Иргэдийн бодит орлогыг дэмжиж, хулгайтай тэмцдэг тогтолцоог бий болгож, Монгол Улсын аюулгүй байдлыг илүү бодитоор хангадаг бодлого явуулахыг шаардаж байгаа. Шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ завсарлуулъя, бүх гишүүдийг өөрсдийн тойрогтоо очиж иргэддээ асуудлаа танилцуул, ярь гэсэн шаардлага хүргүүлж хэлэлцүүлгийн ширээнд сууна.

-Дөрвөн гишүүдийг “ангийн нөхөд” нь түдгэлзүүлэхгүй хэмээн аваад үлдчихлээ. Гэхдээ таны зүгээс яагаад С.Ганбаатар гишүүн рүү дайрах болов?

-Өнөөдөр дөрвөн гишүүний асуудал гарч ирж байна. Цаад талд нь 20-оод улстөрчдийн асуудал хууль хяналтын байгууллагад бий. Зөвхөн эхний дөрвийг оруулж ирж байгаа. УИХ шийдвэр гаргахдаа дөрвөн гишүүнийг өмгөөлж, авч үлдэж  байгаа нь буруу. Авлигыг дэмжсэн, хамгаалсан парламент болчхоод байна. Үүнийг нээлттэй хэлэлцүүл. Зарим хуульч гишүүд дотор ороод сонссон байна лээ. Ямар ч иргэдээс нуух шаардлагагүй мэдээлэл байна гэсэн. Хуралдааныг нээгээч ээ гэсэн. Түүнийг зуун хувь дэмжиж байгаа. Хэн нэгнийг яллах гэж буй биш, гэхдээ ядаж үүнийг иргэддээ ойлгуулаад иргэдийн нүдэн дээр асуудлаа ярьдаг байх нь зүйтэй. Тиймээс УИХ-д энэ дөрвөн гишүүний асуудлыг дахин оруулж ирвэл нээлттэй, ил тодоор парламент ярилц гэдэг шаардлага тавьж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрх барьж буй намын асуудал орж ирж байхад хамгаалаад явж байгаа нь ямар учиртай юм бэ. Очиж очиж, Ганбаатар байх даа яахав дээ гэж гайхсан. Хариулт маш тодорхой байлаа. Хуулийн байгууллагаас шалгах 20 хүний араас С.Ганбаатар өөрийгөө орж ирнэ гэдгээ тооцоолсон. С.Ганбаатар камергүй хаалттай хуралдаанд МАН, АН-ын нөхдийг хамгаалж үлдэх нь зарчмын хувьд буруу. Тиймээс камерыг нь нээгээд өгчихье. С.Ганбаатар гишүүн олон жил шударга ёс тогтооё гэж шүүмжилж ирчхээд камерын ард “Би та нарт хайртай шүү, энэ буруу, үндэслэлгүй хуулийн байгууллага оруулж ирж байна” гэж байна. Камертай бол “ард түмэндээ хайртай” гэдэг зарчимгүй байдал үүсгэж байгаад эгдүүцэж байна. Тиймээс С.Ганбаатар гишүүн байр сууриа тодорхой хэл. Цаашаа бүгдээрээ иргэдийн өмнө, хэн худлаа яриад байгаа юм, хэн зарчмаа яриад байдаг юм бэ гэдгийг  иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404