М.Батбаяр: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өргөн барина
2022/04/15

ЮНЕСКО-гоос соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбарын нэг бөгөөд жилд нийт 4.3 их наяд ам.долларын орлогыг бий болгодог хэмээн тодорхойлдог. Энэ нь дэлхийн эдийн засгийн 6.1 хувийг эзэлж буй ба нийт 30 сая гаруй ажлын байрыг дэлхий дахинд бий болгожээ. Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тогтвортой хөгжилд хөтлөх томоохон хүч хэмээдэг.

Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн гишүүн орнууд нь 2005 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай конвенцыг баталж байв. Энэ оны байдлаар дэлхийн 148 улс тус конвенцыг соёрхон баталжээ.

Монгол Улсын тухайд 2007 онд уг конвенцыг баталж, нэгдэн орсон цагаасаа үндсэн зорилго, үзэл санаанд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм. Тухайлбал,

  • Шведийн олон улсын хөгжлийн агентлаг /SIDA/-аас санхүүжүүлсэн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхүүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” төслийг 2018-2021 онд,
  • Соёлын илэрхийллийн сангаас “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөлд санхүүжилт авч, 2019-2022 онд хэрэгжүүлэхээр сонгогдсон юм.

"Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн үндэсний нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр соёлын салбарын бодлого боловсруулагчдын байр суурийг сонсов.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР БУСДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГГҮЙ, ЖИГД ОРОЛЦОО, ХҮРТЭЭМЖТЭЙ НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОДОГ

-Соёлын дэд сайд М.Батбаяр:
-Монгол Улс ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцод нэгдэн орсноос хойш эдүгээ 15 жил болсон байна. Энэ хугацаанд бид ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой тодорхой төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. 2020 онд Соёлын яам бие даан байгуулагдсанаас хойш соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Дэлхий нийтээрээ бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбарт анхаарлаа хандуулж байгаа цаг үе. Дэлхийн нийт ДНБ-ий 6.1 хувийг энэ салбар эзэлж, 30 гаруй сая хүн энэ салбарт ажиллаж байна.

Бид нэгдүгээрт эрхзүйн орчныг тодорхой болгох ёстой. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бол зөвхөн уран бүтээлчдийнх биш, түүнд оролцогчид хамтдаа нэгэн зэрэг оролцоогоо бий болгон өөрийн өв соёл, бусдаас ялгарах онцлогоо бүтээгдэхүүн, үйлчилгээ болгодгоороо давуу талтай.

Манай улс өнгөрсөн хагас жилийн хугацаанд суурь судалгаагаа хийж боловсруулсан. Нийт 33 гаруй мянган хүн соёлын 13 салбарын 24 чиглэлд ажиллаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бусдыг ялгаварлан гадуурхдаггүй, жигд оролцоо, хүртээмжтэй нөхцөлийг бий болгодог. Тухайлбал, Манай 33 мянган ажиллагсдын 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ салбарт илүүтэй энэ салбарт ажилладаг талаарх судалгаа гарсан.

Бид нэгдүгээрт эрхзүйн орчныг тодорхой болгох ёстой. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бол зөвхөн уран бүтээлчдийнх биш, түүнд оролцогчид хамтдаа нэгэн зэрэг оролцоогоо бий болгон өөрийн өв соёл, бусдаас ялгарах онцлогоо бүтээгдэхүүн, үйлчилгээ болгодгоороо давуу талтай. Тиймээс Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг энэ хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Цаашдаа үе шаттай ажлууд эхэлнэ.

Өнгөрч буй 2021 оны арваннэгдүгээр сарыг бүхэлд нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгон зарласнаар олон арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ жилээс улсын хэмжээнд зохион байгуулна. Орон нутагт соёлын нэгж, соёл урлагийн газрууд байгуулагдсан. Өмнө нь нэг хүн хариуцаж байсан бол одоо 11 хүн хариуцдаг болсон. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар сум бүрт хүрч ажиллана. Тиймээс суманд өөрөө хувиараа гар урлалын чиглэлээр ажилладаг, тухайн орон нутгийнхаа онцлог, үндэстэн ястан онцлогийг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол үүнийг нэгдсэн аргазүйгээр, бодлогоор бий болгох, борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ДАВУУ ТАЛ БОЛГОХ БОЛОМЖИЙГ БАРИМТ БИЧГҮҮДЭД ТУСГАСАН

-СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс:
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Монгол Улсын хөгжлийн давуу тал болгох боломжийг баримт бичгүүдэд тусгасан. “Алсын хараа 2050”-д эдийн засгийн тэргүүлэх чиглэл байна хэмээн тодорхойлсон. Нөгөөтээгүүр дэлхий дахин мэдлэгийн эдийн засаг руу шилжиж байгаа. Цар тахлын нөхцөл байдлын дараа технологи руу ихэвчлэн суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх шинэ нөхцөлд бид ажиллаж байна.

Бүтээлч байдлаар дамжуулан илүү өрсөлдөх давуу тал, боломжуудыг нээх, зохистой, үнэлэмжтэй хөдөлмөр эрхлэлтийг бий болгохыг чухалчилж байна. Цаашдаа бодлогын асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй юм.

Мөн бид залууст, стартапуудад шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Хамтарч ажиллах, бизнесээ өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх бүтээлч орон зайг нь бүрдүүлэх нь зүйтэй. Бизнес, эдийн засгийн шинэ харилцаа гэдэг талаас нь харвал бид энэ боломжийг хэрхэн давуу тал болгон ашиглах ур чадварыг олгох бүх нийтэд зориулсан хөгжүүлэх хөтөлбөрийг бий болгох нь чухал.

Бүтээлч үйлдвэрлэл бол хүний бүтээлч байдал, оюунаас төрдөг инновацын үр дүн. Тиймээс бүтээлч залуус, бизнес эрхлэгчдийн оролцоо их. Тэгш боломжийг хангаж өгдөг нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарын онцлог.


"Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн үндэсний нээлтийг өнөөдөр ийнхүү хийлээ. Түүнчлэн Дэлхийн урлагийн өдрийг тохиолдуулан соёлын бүтээлч салбарын дэлхийн чиг хандлага, Монгол Улсын соёлын бүтээлч салбарыг хөгжүүлэх арга зам, уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүдийн нийгэм, эдийн засгийн статусыг дэмжих зэрэг асуудлаар бүтээлч салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, бие даасан уран бүтээлчид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд санал солилцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404