"Шатахууны нөөцөд шок үүсгэхгүй байх хэрэгтэй"
2022/04/13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.04.13/ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.


Хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

"ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ХЭРЭГГҮЙ"

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Шатахууны компаниудад валютын зөрүүг өөр ханшаар олгодог аргыг Н.Алтанхуягийн засгийн газар хэрэглэсэн. Олигтой үр дүн гараагүй. Зөрүү олгодог нь урт настай зүйл биш. Нэг өдөр шок дагуулдаг. Гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэггүй. Тэгэхийн бол та нар газар, тариалан эрхлэгч компаниудаа дуусгана. Тэд нар гаднаас хөнгөлөлттэй ханшаар баахан будаа оруулж ирвэл одоо будаагаа нөөцөлчихсөн зарж чадахгүй байгаа тариалан эрхлэгчид чинь дуусна. Хэрвээ гурил үйлдвэрлэгч нарт зээл олговол 2023, 2024 онд хямраад дуусна. Араб, Африкт гурилан бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Тариа тарьж буй аж ахуйн нэгжээ дэмжихийн оронд гаднаас үр тариа импортлох бодлого явуулж болохгүй.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ хууль урт настай хууль биш. Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ савалгаатай байна. Геополитикийн асуудал намжиж, энхтайвны зам руу явбал буцаад буух болов уу гэж найдаад байна. Бид шатахууны зуун хувь хамааралтай улс. Шатахууны үнэд нөлөөлж чадахгүй учраас эхний ээлжид нөөцөд шок үүсгэхгүй байх хэрэгтэй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Засгийн газар энэ хаврын тариалалтыг эрчимжүүлэх чиглэлээр газар тариалангийн компаниудад гурван хувийн хүүтэй, зуун тэрбум төгрөгийн зээл, хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргасан. Импортоор будаа оруулж ирэхийг бүрэн хаасан. Бид өөрсдөө зохицуулаад явах эрх нь манай яаманд бий.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Ц.Даваасүрэн гишүүнтэй санал нэг байна. Стратегийн бүтээгдэхүүний нөөц яаж бүрдүүлэх вэ. Тухайлбал, гурил будаа, элсэн чихэр, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл багтана. Төслөөс харахад “Та нар хөнгөлөлттэй зээл өгчихсөн, бараа бүтээгдэхүүнийг тасалж болохгүй” хэмээн компаниудад ачаа үүрүүлэх гээд байна. Хуулийн төслөөс зохицуулалт харагдахгүй байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байна. Гэтэл бид түр аргацаасан арга хэмжээ авахгүйн тулд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ. Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөр шиг алдааг битгий давтаасай. Аж ахуйн нэгжүүд ам.долларын ханшийн алдагдлыг нуруундаа үүрдэг алдаа битгий гаргаасай. Үүнд Монголбанкны оролцоо юу байх  вэ. Хоёрдугаарт, энэ хуулийн хүрээнд Монголбанк, Засгийн газартай адилтгах хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг мэдээлэл хэвлэлээр явж байна. Ийм байж болох уу?

Хүнс, хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Мах, гурил дээр авч буй арга хэмжээний тухайд уг хуульд валютын ханш нөлөөлөхгүй. Дотоод үйлдвэрлэл учраас тэр. Зээл авч буй аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртөнө гэсэн ойлголт байхгүй. Мах боловсруулах 150 орчим үйлдвэр бий. 2022 онд 23 аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээл авч, Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргасан.

"МОНГОЛБАНК ААН-ҮҮДЭД МӨНГӨ ӨГНӨ ГЭСЭН АГУУЛГЫГ ЗАССАН"

УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр Монголбанк мөнгө хэвлэх замаар асуудал шийдэж, Засгийн газар энэ чиглэлээр Монголбанктай хамтрах уу гэсэн асуулт байна. Энэ агуулгыг зассан. Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуульд Монголбанк арилжааны банкуудаар дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгнө гэсэн асуулгаар орж ирсэн. Үүнийг өөрчилж, банкны эх үүсвэрээр банкууд олгох ёстой зээлээ олгож, харин олгосон хүүгийн зөрүүг улсын төсөв дээр нэмж шийднэ гэвэл эргэлтэд байгаа мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Эргэлтэд байгаа мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдвэл бүх бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх аюултай. 2013-2016 оны хооронд явагдсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гол алдаа энэ байсан. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн уг агуулгыг зассан.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-З.Мэндсайхан сайд аа, малчид яагаад махны үнийг нэмээд байна вэ? Азийн орнуудаас хамгийн өндөр инфляцитай улс Монгол боллоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Өнөөдрийн байдлаар төв банкны үнэт цаасанд таван их наяд төгрөг байна. Төв банкны үнэт цаасанд байгаа энэ мөнгө арилжааны банкны чөлөөт эх үүсвэр буюу зээлд гарах боломжтой эх үүсвэр юм. Тиймээс энэ эх үүсвэрийг буцааж эргэлтэд оруулах замаар банк дээрх эх үүсвэрийг зээл болгож гаргана. Хүүн дээр татаас хэлбэрээр хөнгөлөлт үзүүлэх учраас энэ зээл чөлөөтэй гарах боломжтой. Монголбанкнаас ханштай холбоотой нефтийн бүтээгдэхүүний хэсэг уг хуульд бий. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэж байдаг. Форвард споп хэлцэл хийж явах хэрэгтэй. Банк тодорхой түвшинд харилцагчаа ханшийн эрсдэлээс хамгаалах үүднээс уг журмын дээрх хэрэгслийг ашиглах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд мах, гурил, нефтийн бүтээгдэхүүнийг шийдэж чадаагүйд харамсалтай байна. Монгол Улс 66 сая малтай байж төрөөс мөнгө гаргаж зохицуулах нь харамсалтай. Бидэнд хэтийн төлөвлөлт гэж байна уу. Яаж махаа хангах юм бэ. Зах зээлийн зарчимд хэзээ орох вэ З.Мэндсайхан сайд аа. Би буруу хараад байна уу “Хуулийн 5.1.3-т санхүүгийн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2-т заасан бараа бүтээгдэхүүний импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг буруулах” гэж оруулжээ. Хуулийн 3.2-т нь газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах гэж заасан байна. Гурил махаа авах гэж валют зарцуулах гээд байгаа юм уу.

Газрын тосны бүтээгдэхүүн тосонгоос нефть боловсруулах үйлдвэр лүү хоолой татна гэж байгаа. Энэ хоолой татах ажил ямархуу явцтай явж байна вэ Г.Ёндон сайд аа.
 
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
 
-Дамжуулах хоолойгоор Тосонгийн талбайгаас Алтанширээгийн үйлдвэр хүртэл 530 км нефть дамжуулах хоолой барих төслийн тендерийг 2021 оны гурван сард зарлаж, таван удаагийн хугацаа сунгаж хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард тендерт ялагчийг тодруулсан. Дөрвөн компани тендерт санал ирүүлснээс БНХАУ-ын хоёр, Энэтхэгийн нэг, Японы компани санал ирүүлсэн. Японы компанийн санал үнийн саналгүй ирсэн. Нөгөө гурван компаниас Хятадын “Норинко” компанийн санал хамгийн хямд байсан. -Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: -Засгийн газар мах,гурилан дээр үнэ тогтоосон асуудал байхгүй. Бид мах гурилын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтвортой баръя гэдэг бодлогыг хэрэгжүүлж, уг хуульд зах зээлд оролцогчдод хөнгөлөлттэй зээл үзүүлэх шийдвэр гаргаж байгаа. Түүнээс биш мах, гурилын үнэ тэд байна аа гэдэг чөлөөт зах зээлийн үнэ тогтох зарчим руу Засгийн газар ороод буй асуудал байхгүй.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404