Төрийн байгууллагууд бүх сургалт, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулна
2022/04/13

Засгийн газар маргаашийн хуралдаанаар  онцгой нөхцөл байдал үүссэн өнөө үед төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол баталах юм байна.

Тогтоолын төсөлд хот дотор төрийн байгууллагын удирдлагууд том оврын машин хэрэглэхгүй байх, төрийн өмчит компаниудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх гэх мэт заалтууд багтжээ. Тус тогтоолын төслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар боловсруулсан байна.

Засгийн газар таван сарын өмнө 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоол гаргасан юм.

Энэ тогтоолд дараах зардлыг танах талаар тусгажээ.

5. Төсвийн хэмнэлтийн горимд дараах чиглэлийг баримтлан ажиллаж өр, авлага үүсгэхгүй байх арга хэмжээ авч, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн, шууд захирагч нарт тус тус даалгасугай:

5.1. бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах;

5.2. сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар дундаа нэг туслахтай, Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай, дарга нь зөвлөхгүй байх;

5.3. төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг төсвийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд орон тооны нэг нөхөн томилгоо хийх;

5.4. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардал, төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авах зардал, захиргааны албан контор шинээр барих зардлыг тус тус 100 хувь, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувь, коронавируст халдварын цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь тус тус хэмнэх чиглэл баримтлах.

6. Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээ (цэвэрлэгээ, харуул хамгаалалт, төвлөрсөн бус халаалт, хоол үйлдвэрлэл, бүх төрлийн засвар, автомашины үйлчилгээ)-г гүйцэтгэж байгаа ажилчдыг сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404