МОНГОЛЫГ ДЭЛХИЙД ШИВШИГЛЭСЭН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДАД ЧБХ-ны ХУВЬ ЗАЯАГ АТГУУЛЖ БОЛОХГҮЙ
2022/04/05

Азийн цээжинд орших жижигхэн улс, үндэстнийг дэлхий дахинаа нэр сүрийг нь гаргаж, төрийнх нь дуулалыг эгшиглүүлдэг зүйл бол спорт. Шулуухан хэлэхэд, бокс хийгээд бөх.  Бөх нь дотроо  жүдо, чөлөөт, самбо, сумо гэх  төрлүүдэд  хуваагддаг. Бас өөр өөрийн   мэргэжлийн холбоодтой.  Тэдгээр  холбоодын үйл ажиллагаа тогтвортой, бэлтгэл хийх заал,  дэвжээ, багш дасгалжуулагч-тамирчин хоёрын  хичээл зүтгэл зэргээс тамирчны  амжилт шууд хамааралтай. Дээр нь мэдээж эдийн засгийн чадавхи.

Энэ нь холбооны ерөнхийлөгчийн нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэлтэй  байх асуудал. Багш дасгалжуулагчид, тамирчид ч үүнийг хэдийнэ олж хараад аль болох эдийн засгийн чадавхитай, эрх мэдэлтэй нэгнийг ерөнхийлөгч болгохыг эрмэлзэх болсон нь ч нууц биш. Нөгөөтэйгүүр,   холбоод доторхи бүлэг, фракцууд өөрийн эрх ашгийг чухалчилж, өөр хоорондоо тэмцэлдэх болцгоосон. Спортын холбоод дотор эв нэгдэлтэй, үйл ажиллагаа нь тогтвортой яваа нь хуруу дарам цөөн.   Улирлаас улиралд, тэмцээнээс тэмцээний хооронд цаг үргэлж “Тэр тамирчин явах ёсгүй байсан, тэр дасгалжуулагч маш муу, түүний хүн учраас л тэмцээнд явсан “гэхчилэн талцан хэрэлдэж,  эл увайгүй үйлдлээ нийгэмд түгээх нь бий.

 Өнөөдөр яг ийм замналаар явж, талцан хэрэлдэцгээж байгаа нь Чөлөөт бөхийн холбоо.  Байсхийгээд удирдлагууд нь солигддог. “Энэ хүн л яваад явж магадгүй “ хэмээхтэй зэрэгцээд шинээр томилогдсон ерөнхийлөгчийнхөө улыг шагайгаад эхэлдэг.  Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр  манай улсын нэр нөлөө бүхий албан тушаалтнууд  ажилладаг ч төд удалгүй мөрөө хөөн одох нь хачирхалтай. Тухайлбал,  уулын баяжуулах “ Эрдэнэт “ үйлдвэрийн захирал асан  Ч.Ганзориг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Гачуурт” ХХК-ий захирал Л.Чинбат, Сумогийн их аварга Д.Дагвадорж, аварга Д.Сумъяабазар  нарыг нэрлэх байна.

  Энэ  эрхмүүд ч  тухайн цаг үедээ   их спортын өмнө хүлээсэн   үүргээ нэр төртэйгээр биелүүлцгээсэн.  Гачууртын  Чинбат гэхэд л  “Олимп” сургуулийн санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэн ашиглалтад оруулсан. Удирдлагын  менежментийг сайжруулж шинэ шатанд гаргасан.  Их аварга Д.Дагвадоржийн тухайд түүний нэр нөлөө, хүчин чармайлт, хөрөнгө мөнгөний дэмээр холбоо хийгээд чөлөөт бөхийн тамирчдын  нэр хүнд дэлхийд өссөн.  Хэн бүхний мэдэх    “Найрамдал” зуслан явах замд чөлөөт бөхийн кэмп байгуулсны буянаар  Монголын тамирчид  дэлхий, олимпийн тэмцээнээс алтан медаль хүртсэнийг мартаж болохгүй.

Мөн тэрбээр  амжилт гаргасан  тамирчинд цэвэр алтыг урамшуулал болгон  өгч байв. Тодруулбал, нэгдүгээр байр эзэлсэн тамирчинд нэг  кг алт, хоёрдугаар байр эзэлсэнд 0.5 кг, харин гуравдугаар байрын эзэнд 0.3 кг гэхчилэн.   Түүгээр үл барам хэд хэдэн тамирчныг  амьдрах орон сууцтай болгож,  шигшээ багийн тамирчиддаа олон улсын стандартад нийцсэн Япон брэндийн иж бүрэн хувцсаар хангасан.    Д.Сумъяабазар гэхэд л “Хөрөнгө оруулалтын банк” -аараа дамжуулан  жил бүр 50-100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийдэг  жинхэнэ алтан түнш нь байж чадсан юм. Удирдах зөвлөлийн гишүүн  “Алтай констракшн”-ы  захирал  Бат-Эрдэнийг ч дурьдахгүй өнгөрч болохгүй.Тэрбээр  тамирчдыг орон сууцтай болгосон төдийгүй тэдний  нийгмийн асуудлыг шийдэж,  тамирчдын  бэлтгэл хийх нөхцөлд  анхаарал хандуулж ирснийг чөлөөтийнхөн үнэлдэг.

 Энэ бүхний үр дүнд Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт жилээс жилд ахин  дөрвөн жил “ноцолдож” байж  ганцхан   медалийн бараа хардаг  байсан бол  эдүгээ медалийн тоо  жилд  8-9 болсон байх жишээний.  Сүүлийн гучин жилд тасарсан медалийн буухиа  2015 оноос сэргэсэн. Түүнчлэн эмэгтэй шигшээ багийн тамирчид  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 2,3-р байрт орох болсон.   Амжилт, алдар хүндийн замнал ийн гэрэл гэгээтэйгээр үргэлжилж байхад холбооных  нь  ерөнхийлөгч тогтдоггүй нь нийгмийг гайхшралд оруулах боллоо. Учрыг олж, хужрыг тунгаах аваас  Чөлөөт бөхийн холбоо болон чөлөөтийн үндэсний шигшээ багийг авах гэсэн хэсэг хүмүүсийн хагалан бутаргах гэсэн  хорт үйлдлээс үүдэлтэй аж.

 МҮЧБХ дотоод дүрмийнхээ дагуу дээд удирдлагаа сонгох явцдаа  процессын алдаа гаргасан байж болох ч алдааг нь анаж,  холбоог өөрийн болгох хүсэлтэй нөхдүүд  тоглолт хийж орхисон юм билээ.  Монгол Улсын гавъяат дасгалжуулагч А.Басхүү  болон түүний шавь болох Монгол Улсын гавъяатууд болох   О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг нэрлэх байна. Тэд хэдийгээр  хэлэх үгтэй, гаргасан амжилттай боловч зөвхөн тэд л “ноёрхож” байх хүсэлдээ хөтлөгдөн холбооны үйл ажиллагааг завхруулж ирснийг нийгэм мэдэхгүй нь харамсалтай.

Тэд шинээр томилогдсон албан тушаалтнуудыг  ажлыг  нь хийлгэхгүй хэл ам хийж, хийсэн ажлыг нь үгүйсгэн харлуулан буланд шахсанаар аргагүй нь эрхэнд  албан тушаалаа  өгөхөөс өөр сонголтгүй байдалд хүргэдэг бололтой. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар нь   БТСХ-ны даргаар ажиллаж байхдаа  тамирчдад зориулсан  сауныг садар самууны үүр уурхай болгосон  талаар тухайн үедээ  хэвлэл мэдээллээр цацагдан дуулиан тарьж байсан санагдана.  Чөлөөтийхөн ч өөрсдөө ингэж ярьдаг юм билээ.

 Мөн түүнчлэн Ц.Цогтбаяр дасгалжуулагч  гэхэд л тамирчныхаа хадгалуулсан мөнгийг хулгайд алдан  дуулиан шуугианы эзэн болж байв. Үйл явдлыг эргэн сануулахад,   2015 онд тамирчин ОУХМ Э.Бэхбаяр Азербайжаны нийслэл Баку хотод болсон “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээнд урилгаар оролцон  мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулаад түүнээсээ  4200-г нь  багшдаа  хадгалуулсан  авч   нөгөөх нь хулгайд алдсан хэмээгээд өнгөрсөн байдаг.   Мань дасгалжуулагч  тухайн үед  “Хэн авсан нь бараг тодорхой болж байгаа, хэн буруутай нь тогтоогдоно” гэх  тайлбарыг хийж байв.

 Энэ хэрэг хэсэг  шүүх, цагдаагаар яваад дараа нь  хэрэгсэхгүй болсон түүхтэй. Харамсалтай нь тэрбээр    өнөөдрийг хүртэл  тамирчныхаа хохирлыг барагдуулаагүй  гэнэ лээ. Бас нэг улсынхаа нэр хүндийг шившиглэж орхисон хар мэдээ бол  Чөлөөтийн  шигшээ багийн эрэгтэй тамирчдаас гурав нь   2015 онд Японд, 2021 онд БНХАУ-д  тэмцээнд оролцоод буцах замдаа  хулгай хийж найман сараар хоригдсон байдаг. Энэ тухай мэдээлэл  мөн л   тухайн үеийн хэвлэл мэдээллээр цацагдсан.

 Рио-де-Жанейро хотноо болсон 2016 оны  зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр манай бөх Г.Мандахнаран /65 кг-д/ олимпын медаль атгаад алдсаныг эрхэм уншигч авгай та   санаж байгаа нь лавтай. Манай тамирчин  хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө, ялчихлаа хэмээн баярлан гүйж, дасгалжуулагчид нь ч далбаагаа гаргах агшинд шүүгчид цаг барьж, зугтсан хэмээн үзэж нэг оноогоор торгосон. Хэдийгээр медаль хүртэх боломж ойрхон  байгаа үед   тамирчиндаа тийм мөчид  ямар байх ёстойг ойлгуулах нь ерөнхий дасгалжуулагчийн хийх ажил атал   сэтгэл хөөрлөө  барьж чадаагүй дэлхийн дэвжээнээ шившиг болсон. Тэдний болчимгүй үйлдлийн үр дүнд Узбекстаны бөх  олимпын хүрэл медаль хүртсэн.

    Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээнээ  хувцсаа тайлж,   чалленж шидэн  эсэргүүцсэн ч шүүгчид хүлээж аваагүй.  Хоёр дасгалжуулагчийн ёс зүйгүй үйлдэлд   дэлхийн бөхийн холбоо хариуцлага  тооцон  2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган  Швейцарь франкаар торгож, тэдний эрхийг  эрхийг 2019.08.20 хүртэл хассан шийдвэр гаргасан.

Тун удалгүй  2018 оны  Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62кг-ын жинд барилдсан түүний шавь Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрч медалийг нь  хүчингүй болгоод зогсохгүй барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан нь  олимпийн наадамд итгэл тавьж, ид гялалзаж явсан тамирчны карьеер унасан нь мөн л  дасгалжуулагч багшийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Үүний улмаас Монголын чөлөөт бөхийн холбоо дахин 20 мянган Швейцарь франкаар торгуулсан билээ.  Энд зөвхөн  МУГД  Ц.Цогтбаярын холбоонд учруулсан хохирлыг тооцож үзэхэд өнөөгийн ханшаар 200 гаруй сая төгрөг болж байна. Түүгээр зогсохгүй  2016-2020 оны олимпын цикльд сөргөөр нөлөөлсөн нь дамжиггүй. Хэдийгээр энэ тоо тэрбум тэрбум төгрөгөөр улсаа хохироож байгаа албан тушаалтнуудын  дэргэд бага мэт санагдавч тамирчдын хувьд  багагүй мөнгө билээ.

 Энэ бүхэнд дүгнэлт хийхэд Монгол Улсаа дэлхийд дуурсгаж байгаа энэ их спортдоо энэ мэт ёс зүйгүй авирлагч багш, дасгалжуулагчдыг  дахин ажиллуулах нь зөв зүйтэй сонголт гэхэд гайхмаар. Тэдний  алдаа, завхрал  зөв үйлдэл биш гэдэгтэй спорт сонирхогч хэн бүхэн санал нийлэх биз.  Эцэст нь хэлэхэд,  нийгмийг  эмзэглүүлж буй  дуусашгүй энэ их  хэрүүл тэмцэлдээ шинэ  үеийн залуус, тамирчдыг   татан оруулж   байгаа нь үнэхээр харамсмаар.

 Хөөрхийдөө, чөлөөтийнхөн. Хэзээ эв найрамдалтай  болж, хэзээ ирсэн дарга нартаа хүнлэг хандаж, хамтарч ажиллаж сурах юм бол доо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404