"Хаврын улиралд дур мэдэн яргуй идэх нь аюултай"
2022/03/16

Хаврын улиралд яргуй идэх нь биед сайн, хүч тамир ордог гэх яриа иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ талаар анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэндсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Хятадын уламжлалт анагаах ухаанд улирлын чанартай хооллох нь нэн чухал гэсэн байдаг. Намар, өвлийн улиралд биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэглэвэл тохиромжтой. Үхэрхонины махны шөл, сүү, аарц, цэвэр жимсний халуун шүүс гэх мэт биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэвэл зохистой. Харин хаврын улиралд бодисын солилцоо удаашрах, нозоорох, ядрах, хоолны шингээлт муудах, ам хатах, арьс хуурайших,  үс хумс хугарамтгай болох, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд өргөн илэрдэг.

Монголчууд шинэ гарсан яргуйг, хүч тамираар тэтгэдэг, ходоодны өвчинг илааршуулахад нэн тустай ургамал гэдэг. Гэвч иргэд дөнгөж ургаж буй буюу хор нь гараагүй яргуйг идчихдэг. Ингэснээр могойн яр өвчин тусдаг. Аливаа эмийн ургамалд өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үе гэж бий. Яргуй нь холтсон цэцгийн овогт багтдаг олон наст ургамал юм. Тус ургамал нь хүнээс илүүтэй малд нэн тэргүүнд тустай. Хаврын сульдсан малыг тэнхрүүлэхэд хамгийн түрүүнд цэцэглэсэн яргуй их тустай.

Мөн яргуйн хандаар малын хошууг арчиж тэнд байх элдэв бактерийг устгах боломжтой. Тухайн ургамлыг тасдаж идэхээс илүүтэй хандалж болон идээшүүлж хэрэглэж болно.  Нэг цайны халбага хатаасан яргуйг нэг аяга буцлам халуун усанд шөнөжин идээшүүлж шүүгээд өдөрт 30-50 мл-ээр хоолны өмнө ууна. Ингэснээр ханиалгах, чонын хөрвөш, хоолой өвдөх зэрэг өвчинд тустай. Ер нь монголчууд  биед тустай хэмээн дур мэдэн эмийн ургамал хэрэглэх нь элбэг байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалоид өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй. Хэдий чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанартай бодисын агууламж ихтэй гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй" гэдгийг зөвлөсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404