Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүдийн тухай өгүүлжээ
2022/03/14

59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцох Монгол улсын павильонд уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн "Гүнээс гүнд" бие даасан үзэсгэлэн гарна.

Жалхаажавын Мөнхцэцэг баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал зовуур, айдас түгшүүр, илааршихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө хуваалцаг.

Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбод, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол эсрэгцлийг торгон илэрхийлдэг билээ.

Хийсвэр мэт боловч бодит мэдрэмжийг төрүүлэх, ер бусын бүтээлүүд нь лус савдаг, домгийн ертөнцийн далдын хүчийг шингээсэн, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг юм.

Монголын уламжлалт анагаах ухааны дом, бариа заслын талаар шимтэн судалдаг түүний бүтээлээ туурвих явц шашны зан үйлийг санагдуулам ба зөн билгийн шинжтэй. Анагаахуй, асран хамгаалахуйн бэлэг тэмдэг болсон элементүүдийн эсрэгцэл, тэдгээрт агуулагдсан мөн чанаруудаар үзэл санаагаа илэрхийлэн гаргахдаа сэтгэл түгшил, илаарших үйл явцаа бясалган аждаг.

Тастсан, тайрсан, эвлүүлсэн, оёсон бүхэн нь шаналал, айдас, түгшил, итгэл, тэвчлийг бэлэгдэж, дотоод мэдрэмж, үзэл санаагаа илэрхийлэн, илчлэн гаргах онцгой хэлийг нь бүтээж өгчээ. Бүтээлүүд дэх шувууд нь зүрхний лугшилт, ураг бүрэлдэхүй, илааршил, авран хамгаалахуйг бэлэгдэх бол, дотоод эрчмээ олж авах гэсэн мөнхийн эрэл хайгуул, “нэгдмэл нэгэн цул” болох хүслээ эмэгтэй хүний бие махбодоор илэрхийлдэг байна. Дахин төрөхүй бол уран бүтээлчийн эрлийнх нь цөм билээ.

Монгол Улс энэ оны 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр оролцож байна. Уг үзэсгэлэнд Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг, сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас дэлгэнэ. Павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэх бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэж, Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгоно.

Тус үзэсгэлэнг зохион байгуулахад Засгийн газрыг төлөөлөн бүрэн эрхт төлөөлөгчөөр Соёлын сайд Ч.Номин, куратораар Б.Гантуяа ажиллаж байна. Үзэсгэлэн Италийн Венец хотноо ирэх сарын 20-оос арван нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос мэдээлэв.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404